Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ЭНЭ ДӨРВӨН ЖИЛД ХЭРЭГЛЭГЧ БИШ ҮЙЛДВЭРЛЭГЧ АЙМАГ БОЛОХ ЭХЛЭЛИЙГ ТАВИНА

2017-01-20

“Архангайн амьдрал” сонины эрхлэгч О.Амарзаяа, сэтгүүлч Ц.Өнөрцэцэг, Х.Цэвэгмэд, “Архангайн толь” сонины эрхлэгч Б.Баясгалан нар аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай ярилцлага хийснийг уншигч танд толилуулж байна.

Х.Цэвэгмэд: Мөнхнасан даргын үед аймаг маань хэрхэн хөгжих вэ? Ямар бодлогыг барьж ажиллах вэ?

-Үе үеийн Засаг дарга нар өөр өөрийн онцлогтой бүтээн байгуулалтын ажлыг хийж байсан. Манай Нэргүй даргын үед Спортын хороо, Хүрэлсүх даргын үед Бурхан багшийн сэрэг дүр, Баатарбилэг даргын үед залуучууд хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбай гэх мэт ажлуудыг хийж байсан.Өнгөрсөн дөрвөн жилд манай аймаг дэд бүтцийн хувьд аятайхан болсон. Гудамж төсөл болсон, болоогүй гэж сайн муугаар хэлдэг боловч үнэндээ Архангайчуудад хэрэгтэй л юм болсон.

Миний хувьд хүмүүсийг орлоготой болгоход л анхаарч ажиллана. Мөрийн хөтөлбөр боловсруулах ажлыг хэсгийнхэн 2017 оны орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг юунд зарцуулах тухайгаа ярилцсан. 2017 онд Орон нутгийн хөгжлийн санд 500 сая төгрөг хуваарилагдсан. Энэ мөнгөнөөсөө “Архангайд үйлдвэрлэв” гэсэн нэртэй, түрээс багатай худалдааны төвийг барихаар тогтож, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх гэж байна. Хурлын тэргүүлэгчиддэмжсэн. Энэ дөрвөн жилд ерөнхийдөө орлогыг нэмэгдүүлэхэд анхаарна. Ингэхдээ өөрт байгаа зүйлээсээ эхэлнэ. Арьс шир, ноос ноолуур, мах, сүүгээ боловсруулж эхэлье гэж зорьж байна. “Мах, сүүний аян” гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан. Энэ ажилд манай аймаг голлон оролцох тухай саналаа сайдад хэлсэн. Нэг суманд нэг цех байгуулах ажлын хүрээнд манай аймаг сум сумандаа нэг цех байгуулья гэдэг саналаа ч хэлсэн.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр орчин үеийн стандартад нийцсэн цэвэрлэх байгууламж манай аймагт баригдахаар болсон. Энэ нь боловсруулах үйлдвэр барих боломжийг хангаж байгаа юм.

Ер нь ажлын байрыг нэмэгдүүлье гэж зорьж байна. Энэ бол нэг өдрийн, нэг жилийн дотор хийчих ажил биш. Ямар ч байсан энэ дөрвөн жилд бид тодорхой хэмжээний үйлдвэрлэл эрхэлдэг, үйлдвэрлэх бааз суурь нь бий болсон байхаар төсөөлж байна.

Ц.Өнөрцэцэг: Аймгийнхаа хөгжлийн тэргүүлэх чиглэлийг хэрхэн харж байна вэ? Өмнөх засгийн үед боловсруулсан Ногоон хөгжлийн бодлого, Аялал жуулчлалын дэд хөтөлбөрүүд гэх мэт бодлогууд, эхлүүлсэн ажлууд ямар залгамжаар хэрхэн хэрэгжих вэ?

-Ер нь аливаа төрийн ажил өнөөдөр-маргааш-өчигдөртэйгээ залгамж халаатай явдаг.  Өмнөх хойдохоо бүгдийг аваад явах үүрэгтэй. Тиймээс эхлүүлсэн ажлуудыг залгамжлаад аваад явна. Ер нь аймгийнхаа хөгжлийн гол чиглэлийг хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэж харж байгаа. Тогтвортой хөгжлийн баримт бичгээ 2030 он хүртэл боловсруулж байна.

 

О.Амарзаяа: Үе үеийн Засаг дарга нар хувь хүнийхээ онцлогтой ажлуудыг санаачлан хийж, аль нэг салбарт түлхүү анхаардаг зүйл ажиглагддаг. Жишээ нь таны өмнөх Засаг дарга боловсролын чиглэлд түлхүү анхаарч, “Математик” хөтөлбөрийн санаачлан хийж байсан. Та хөдөө аж ахуйн мэргэжлийн хүн. Тиймээс манай аймаг энэ дөрвөн жилд энэ чиглэлд түлхүү хөгжихнээ гэж ойлгож болох уу?

-Засаг даргаар томилогдохдоо ч хэлж байсан. Архангай аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар хөдөө аж ахуйн мэргэжилтэй хүмүүс болсон. Мөн Архангай аймаг өөрөө хөдөө аж ахуйн суурь аймаг учир энэ дөрвөн жилд ахиц гарах байх гэж харж байна. Энэ чиглэлд нэлээд ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Бидний ажилд гол хаягдаад яваад байдаг юм бол хөдөө аж ахуйн, тэр дундаа мал аж ахуйн менежмент. Төлөө хүлээж авч байна. Өвөлжилт хаваржилтандаа бэлтгэж байна. Гэвч бид мал аж ахуйгаас гарч байгаа бүтээгдэхүүнүүдээ хэрхэн боловсруулах вэ гэдгээ орхигдуулчихжээ. Нэг малчин айл гэхэд нэг эр хоньтой болох гэж 5-6 жил болдог. Гэтэл үүнийхээ оронд сүргийн бүтцээ өөрчилж, малынхаа чанарт анхаарах хэрэгтэй. Энэ асуудал үндсэндээ орхигдож, анхаарлын төвөөс гарчихаад байгаа юм. Уг нь малчид маань зүтгээд байгаа юм. Ингэхээр малын чанарын асуудлыг анхаарч, хувийн хэвшлийн байгууллагуудаа дэмжинэ. Малын чанарын асуудал дээр компаниуд малчидтай гэрээ хийгээд явна. Эргээд энэ компаниуд чадавхжсанаар эдийн засгийнхаа хувьд ч сайн талтай. Үүнийг бид эхний ээлжинд 2-3 суманд туршихаар төлөвлөж байна.

Архангай аймгийн хөдөө аж ахуй, хөдөө аж ахуйн менежмент тэжээлийн үйлдвэрлэлээсээ эхлээд л яаж явах юм бэ гэдэгт анхаарна. Аймгийн төв дээр махны үйлдвэр барих хоёр газрыг ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж байгаа. Гадны хөрөнгө оруулалтыг татаж, ямар нэг үйлдвэр барих боллоо гэхэд бид өөрсдөөсөө шалтгаалах бэлтгэлээ хангасан байх ёстой гэж бодож газар гэх мэт асуудлыг шийдэж байя гээд эхнээсээ хийж эхэлж байна. Бид цаашид аймагтаа үйлдвэр байгуулах талаар хөрөнгө оруулагчидтай уулзалт төлөвлөж байна. Ер нь энэ дөрвөн жилд хөдөө аж ахуйн салбарт анхаарч ажиллана гэж ойлгож болно.

 

О.Амарзаяа: Өөрийнхөө товч намтрыг танилцуулаач? Засаг даргын энэ ажилд иртлээ мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхээс эхлээд улс төрийн карьер гээд ямар замналыг туулав?

-Би 1975 онд Булган суманд төрсөн. Булганд бага сургуульд сурч байгаад Тариат сумын 10 жилийн сургуулийг төгссөн. ХААИС-ийг сонгон суралцаж төгссөн. Хуучнаар зоо гэдэг байсан, одооныхоор бол малзүйч мэргэжилтэй. Сургуулиа төгсөж ирээд мэргэжлээрээ ажилласан. 1996-2001 он хүртэл хувиараа бизнес эрхэлж байгаад 2001 оноос хөдөө аж ахуйн газрын мал үржлийн албанд орж ажиллаад Мал үржлийн албаны дарга, Хөдөө аж ахуйн газрын даргын албыг хашиж байсан. 2007 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын чиглэлээр төгссөн. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гурав дахь удаа сонгогдоод байна. “Архангай аймгийн мал аж ахуйн менежмент” гэсэн сэдвээр хөдөө аж ахуйн ухааны магистр хамгаалсан. Тиймээс энэ чиглэлээр арай ойр яриад байна л даа.

Эхнэр Ариунзаяа 1-р сургуулийн бага ангийн багш. Манайх хоёр хүүтэй. Том хүү маань их сургуулийн оюутан. Бага маань 12-р ангийн сурагч.

 

Б.Баясгалан: Ажлаа авснаас хойш аймаг орны хөгжилтэй холбоотой ямар томоохон асуудлыг шийдвэрлэв?

-Ажлаа авснаас хойш нэлээд зүйлүүдийг ярьж хөөцөлдөж байна. Тухайлбал: Вьетнамын элчин сайдад боловсруулах үйлдвэрийн талаар санал оруулсан. Энэ асуудлаараа аймгийн ХААГ-ын дарга, ИТХ-ын даргатай хамт Вьетнам явах гэж байна. Вьетнамын талаас “Он гараад хоёр засгийн газрын хооронд хэлэлцээр хийгдэнэ. “Танай аймаг хамгийн түрүүнд санал ирүүлсэн тул хэлэлцээрээс өмнө газар дээр нь очиж боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагчидтай уулзаарай” гэсний дагуу явах гэж байна. Боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, боловсролын чиглэлээр Вьетнамтай хамтарч ажиллахаар төлөвлөж байна.

Мах хатаадаг үйлдвэрүүд бас байдаг юм байна. Г.Тэмүүлэн гишүүнтэй хамтраад үүнийг судалж байна. Хавраас яг үйлдвэрийн ажлуудаа эхэлнэ гэж төлөвлөөд одоогоор үнэ өртгөө, оруулж ирэхэд ямар хүндрэл бэрхшээл байх нь вэ, эдийн засгийн үр ашиг нь ямар байна гэх зэргийг судалж байна.

 

Х.Цэвэгмэд: Үйлдвэрлэгч аймаг болно гэж байна. Өмнө нь энэ талаар ярьж л байсан үр дүнд хүрсэн нь бага байдаг. Тиймээс үйлдвэрлэгч аймаг болохын тулд яг ямар үр дүнг хүлээж байгаа вэ?

-Бизнес эрхэлж буй байгууллагуудын бизнесийг төр булааж авдгийг болих хэрэгтэй. Төр өөрийн хэрэгжүүлдэг олон үйлчилгээнээсээ хувийн хэвшлүүдээр гүйцэтгүүлэх хэрэгтэй. Төсөл хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд хийгдэж буй ажлыг Архангайчуудаараа хийлгэнэ гэсэн зорилготой байгаа. Тендерийн шалгаруулалтад ч бас орон нутгийн давуу оролцоог тусгаж, мөнгө хөрөнгийг аль болох орон нутагтаа үлдээж байх зорилготой байна. Энэ чинээгээр иргэд маань орлогтой, хуримтлалтай болж үйлдвэрлэл ч хөгжинө гэж харж байна. Сумдад нэхий, ямааны арьс, хурга ишигний арьсыг боловсруулдаг жижиг цехүүдийг бий болгоно, аймгийнхаа төвд томоохон боловсруулах үйлдвэрийг барина. Бодлогоор иргэдээ дэмжинэ. Бүх ажлыг төр өөр дээрээ авч хийхгүй. Жишээ нь,Япон улсаас хуурай сүү хийх цех оруулж ирэх гэж байна. Тэгвэл үүнийг төр хийх биш, сумандаа тодорхой түвшинд ажиллуулаад аваад явах чадвартай иргэдийг дэмжээд, тэр нь цаашаагаа ажлын байрыг бий болгоод явах юм.

Махны хатаах үйлдвэрийг судалж байна. Хэрвээ үүнийг хийж чадвал гадагшаа заавал түүхий мах гаргахгүйгээр, тэдний өөрсдийнх нь хэрэглэж сурсан хатаасан махыг гаргах боломжтой болно. Бид өөрсдөө заавал үйлдвэр байгуулна гэж байхаар хөрөнгө оруулагчдыг татаад, нөхцөл боломжоор нь хангаад үйлдвэрээ манайд байгуулах боломжийг бий болгох хэрэгтэй гэж үзэж байгаа. Бодлогын түвшинд дэмжээд явна. Харин иргэдийгээ идэвхтэй оролцоосой гэж хүсч байна. Нэг юм нэгдэхгүй, жижиг юм жижигдэхгүй, бага багаар үйлдвэрлэлээ дэмжээд явахад дөрвөн жилийн дараа тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Ц.Өнөрцэцэг: Төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоонд хэрхэн анхаарч ажиллах вэ? Нэг суманд ажил шалгах болсон ч тус тусдаа зардал гаргаад л явах жишээтэй. Хамтраад баг болоод хийсэн ажлын үр дүн нь ч бас өөр гарах байх гэж хардаг. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Төрийн албаны уялдаа саланги байгаа нь үнэн л дээ. Жишээ нь, сая намар гэхэд л Орхоны асуудал гээд нэлээн хүнд асуудалтай туллаа. Засгийн газрын хуралдаан дээр санал тавьж байж Засгийн газрын том баг ирж ажиллалаа. Ахиад л хавар Орхоны асуудал яригдана. Урт нэртэй хуульд орсон өөрчлөлтөөс эд нарын эзэмшиж байгаа лицензүүд нь сэргэчихээд байгаа юм. Ашиглуулахгүй гэх эрх байхгүй ч хуулийн дагуу байна уу гэдгийг хянахаас өөр аргагүй. Тиймээс Мэргэжлийн хяналт, Орхон чулуут голын сав газрын захиргаа, БОАЖГ гээд байгууллагуудын ажлын уялдааг нэгтгээд нэг групп болгоод ажилласан.

Байгууллагуудаас хөдөө сумдад ажилласан ч гэсэн нэг баг болж ажиллахад нь бид анхаарна. Цаашид энэ баг болж хамтрах ажил дадал болоод явах байх. Одоо бол нэг байгууллага нэг вант улс шиг л байгаа. Тал талд зардал гаргаад л зөвхөн өөрсдийн ажлаа л амжуулвал гэсэн хандлагаа өөрчилж, ажлынхаа уялдааг нэгтгээд хамтарвал зардал мөнгө хэмнэх, хийсэн ажил нь илүү их үр дүнд хүрэх боломжууд бий.

 

О.Амарзаяа: Өмнөх засгийн үед хийж хэрэгжүүлсэн, зохион байгуулсан ажлаас хамгийн их шүүмжлэлтэй хандах зүйл юу байна? Бас үр дүнтэй болсон гээд үргэлжлүүлэх ямар ажлуудыг нэрлэх вэ?

-Ард иргэдийнхээ амьдралын төлөө, орлого мөнгийг нь нэмэгдүүлэх чиглэлээр гарсан санаачилга ажлуудыг үргэлжлүүлээд аваад явна. Засаг дарга болно гэдэг бол том хариуцлага. Энэ утгаараа улс төржөөд байх юм байхгүй болж байна. Өмнөх хүмүүсийн хийж байсан болж бүтэж байсан зүйлсийг нь үргэлжлүүлээд дээр нь өөрийнхөө санаж сэдсэн ажлыг хийж хэрэгжүүлж, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллана л гэж бодож байна. Жишээ нь,өмнөх засаг даргын эхлүүлсэн Математик хөтөлбөрбайна. Мөн бүххичээлээр цахим сан үүсгээд, тэр сандаа багш нар нь аймгийн нийт багш нар өөрийн мэргэжлийн дагуу хамгийн сайн хичээлийнхээ төлөвлөгөөг байршуулдаг, бусдаасаа суралцдаг байх ажлыг эхлүүлэх гэж байна. Эрүүл мэндийн салбарт гэхэд л тоног төхөөрөмжөөр чадавхжуулах тал дээр нь анхаарна.

 

Б.Баясгалан: Малын гоц халдварт цэцэг өвчин манай аймаг гараад байна. Энэ нь мал ахуйгаа түшиглэсэн манай аймагт өгч буй нэг дохио боллоо. Иймээс цаашид бодлогын түвшинд хэрхэн анхаарах вэ?

-Нэг талдаа мал төрийн хамгаалалтад байдаг ч нөгөө талдаа малчдын хувийн өмч шүү дээ. Тиймээс малчид хариуцлагатай болох ёстой. Саяны өвчин гэхэд нэг айл зүүн талаас хуц ухна авчирснаас үүдсэн гэж үзэж байгаа. Тиймээс малчид өөрсдөө хариуцлагаа өндөржүүлэх хэрэгтэй.

 

Х.Цэвэгмэд: Зам тээврийн осол хэрэг манай аймагт их байгаа. Зам хөдөлгөөний зөрчлийн төлбөрөөс орсон орлогын 40 хувь нь эргээд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд зарцуулагдах тухай хуульчлагдсан байдаг ч амьдрал дээр хэрэгждэггүй. Үүнийг хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарах вэ?

-Зам тээврийн осол их байгааг ойлгож байна. Тиймээс Замын цагдаагийн тасгийхандаа ядаж машины парк шинэчлэлт хийгээд өгчих юмсан гэж бодож байна. Нэг жижиг тэрэг шийдүүлэхээр болсон. Аль болохоор дэмжинэ.

 

Ц.Өнөрцэцэг: МАН-ын мөрийн хөтөлбөрт Мэргэжлийн Засгийн газар байгуулна, төрийн албанд мэргэжлийн баг ажиллуулна гэсэн. Энэ зарчим манай аймагт хэрхэн хэрэгжих вэ?

-Харьцангуй мэргэжлийн баг бүрдэж байгаа гэж ойлгож байна. Боловсон хүчний хувьд манай нам туршлагатай хүмүүс ихтэй. Нөгөөтэйгүүр залуучуудаа ч бас ажилд сургаж авч явах хэрэгтэй байна.

Төрийн албан хаагч бол ёс зүйтэй, ажилдаа сэтгэлтэй байх ёстой. Энэ шаардлагыг хангаагүй хүмүүсийг төрийн албан хаагчаар байлгаад байна гэхэд хэцүү. Тэрнээс биш чи манай нам, чи хүний нам гэсэн зүйлээс хол байгаа. Ажлаа хийж чадаж байгаа бол тодорхой хэмжээнд ажлаа хийгээд явах ёстой. Ер нь төрийн албан хаагч хүн бол төрийн үнэт капитал байдаг. Тэр хэмжээгээр төр өөрөө боловсон хүчнээ бэлдээд явдаг.

Өнгөрсөн дөрвөн жилд бидний гол шүүмжилж байсан юм бол төрийн албан хаагчдын ажилдаа хандах хандлага, иргэддээ хандах хандлага суларсан байна, хариуцлага, сахилга бат гэж байхгүй болжээ гэдгийг гол нь хэлж байсан. Үүнийгээ бас шаардаж ажиллана.

 

О.Амарзаяа: Сонгууль болсон жилд төр засаг эмхлэн төвхнөх гэсээр байтал их цаг хугацааг алддаг нь ажиглагддаг. Энэ жил ч мөн адил томилгоонууд удааширч байгаа тухай иргэд ярьж байна. Энэ хугацаанд төрийн ажил цалгардах, төсөв хөрөнгийн зарцуулалт, шийдвэр гэх мэт олон асуудал үүсч байна. Энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ жилийн сонгууль УИХ, аймгийн ИТХ хамтдаа болсноороо онцлог. УИХ Засгийн газраа бүрдүүлээд дараагийн томилгоо явсаар байтал цаг хугацаа орж байна. Нөгөө талдаа аливаа зүйл хуулийнхаа хэм хэмжээнд явах ёстой учраас хугацаа орж байна. Сумдын Засаг дарга нарын томилгоо хийгдэж байна. Одоогийн байдлаар /12.01/ долоон сумын Засаг дарга батламжлагдаад байна. Нэг хоёр суман дээр сонгуулийн маргаантай асуудал шүүх дээр байгаа. Бусад нь бол ерөнхийдөө томилогдоод явж байна. Бидний тооцоолж байгаагаар он гараад л жигдрэх болов уу. Аймгийн ЗДТГ-ын дарга аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн дарга байдаг. ЗДТГ-ын дарга өөрөө сонгон шалгаруулалтад ороод тэнцээд төрийн албаны салбар зөвлөлийн дарга болох гэсээр бас багагүй хугацааг авлаа. Одоо томилгоо, сонгон шалгаруулалтын ажил ном ёсоороо хийгдээд явж байна. 

 

О.Амарзаяа: Төсөв санхүүгийн ил тод байдал иргэдийн анхаарлыг татдаг. Мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Шилэн дансны тухай хууль гээд байдаг ч хэрэгжилт нь хангалтгүй байдаг. Санхүүгийн мэдээллээ ил тод байлгахад хэрхэн анхаарах вэ?

-Шилэн дансны тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжээд явна. Бид мөрдөж, хэрэгжүүлэх үүрэгтэй. Төсөв санхүүгийн ил тод байлгахад тодорхой арга хэмжээг авч ажиллана. Бүх байгууллагууд өөрийн вант улс мэт өөр өөрийн төсвөө зарцуулаад явдаг. Энэ байдлыг тодорхой хяналттай болгоод төсвийн үр ашигггүй байдлыг арилгана. Төсөл зөв зүйлдээ зарцуулагдаж байгаа эсэхэд хяналт тавина. Энэ мэдээлэл иргэдэд нээлттэй байна.Бид саяны төсвийн тодотголоор гэхэд боловсролын салбарт үүссэн 500 гаруй сая төгрөгийн өр дарлаа. Үүний цаана хариуцлагын асуудал яригдана.

 

О.Амарзаяа: Өр гэснээс хичнээн хэмжээний өр, тооцоог хүлээж авав. Үүнийг хэрхэн барагдуулж байгаа вэ? Өмнөх засгийн юм гээд, хямрал тоочоод орхих юм бол ард нь ажил гүйцэтгүүлсэн иргэд, аж ахуйн нэгж хохироод үлдэх зүйл гарахвий?

-Эрүүл мэнд, боловсролын салбарт үүссэн өрийг төсвийн тодотголоор хэлэлцэж шийдлээ. Аймгийн Засаг даргын нөөц сан, ЗДТГ-ын данс хаалттай байсныг зохицуулаад явж байна. Засаг даргын нөөц сангийн зарцуулалт дараа ондоо орчихоод явж байсан асуудал ч байна. Үүнийг самрын орлогоосоо зохицуулаад хэвийн болгоод явж байна. 2016 онд зарцуулах мөнгийг 7-р сар гэхэд зарцуулаад дуусчихсан байсан. Иргэдээр ажил гүйцэтгүүлээд мөнгийг нь өгөөгүй байсан асуудлыг бүгдийг нь шийдвэрлэсэн. Цаашид төсөв санхүүгийн сахилгыг хэрэгжүүлж, Засаг даргын нөөц санг сар сард нь зарцуулаад явна.

О.Амарзаяа: Гадаад харилцаа гэхээр л хэдэн дарга, мэргэжилтнүүд гадаад дотоод явсныг хэлээд байгаа мэтээр хязгаарлагддаг. Иймэрхүү гадаад харилцаанаас гарсан бодит үр дүнг тооцвол бас л учир дутагдалтай байх болов уу. Та гадаад харилцаанд хэрхэн анхаарч ажиллах вэ, үр дүнг хэрхэн төсөөлж байгаа вэ?

-Хятад, Вьетнам улсаас бодит үр дүн гарах боловуу гэж бодож байгаа. Хятадаас мах боловсруулах үйлдвэр, Вьетнамаас арьс шир боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулат босгох зорилготой байна.

Х.Цэвэгмэд: Таны сэтгэлийг хамгийн ихээр зовоодог зүйл юу вэ?

-Аймгийн маань иргэд ажилгүй, орлогогүй байгаад л сэтгэл зовниж байна.

О.Амарзаяа: Ямар баярт илүү дуртай вэ?

-Цагаан сар, наадам хоёр л хамгийн сайхан баяр шүү дээ.

О.Амарзаяа: Өөртөө болгоож, эрхэмлэж явдаг зүйл юу вэ?

-Удам судраа дээдэлж амьдрах ёстой л гэж боддог.Миний эцэг эх ч ингэж сургасан, хүүхдүүдээ ч ингэж хүмүүжүүлж байгаа. Хүн ер нь энэ яваа насандаа бүтээж амьдрах хэрэгтэй. Нэр хугарахаар яс хугар гэдэг дээ. Ер нь монголчуудын ухаан тархинаас тархинд, хүнээс хүнд уламжлагддаг.

О.Амарзаяа:Таны хобби юу вэ?

-Эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялах дуртай.

Б.Баясгалан: Иргэддээ хандаж хэлэх таны үг?   -Аймгийн маань 40 хувьд нь зудтай гэсэн үнэлгээ гарсан байна. Малчид маань өвөлжилт, хаваржилтандаа анхаарах хэрэгтэй. Төл хүлээн авах хаврын их ажил байна. Малчдын маань гол орлого шүү дээ. Үүндээ анхаарч, ялангуяа малын өвчин гарахаас сэргийлэх, гарсан тохиолдолд сэрэмжтэй, хариуцлагатай хандах хэрэгтэй байна гэдгийг хэлье. Архангайчууд, малчид та бүхэн маань сайхан өвөлжөөрэй.

ЭХ СУРВАЛЖ: ekhoron21.mn

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%