Архангай аймгийн 95,000 хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг
үзүүлэхэд нэг шат ахиж шинэ техник технологийг нэвтрүүллээ. Өөрөөр
хэлбэл, аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвлийн хөндийн
дурангийн хагалгаа хийх тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Хэвлийн
хөндийн дурангийн хагалгаанд цөсний бүхий л төрлийн хагалгаа, мухар
олгой болон хэвлийн хөндийд үүссэн хагалгаа шаардлагатай гэсэн эх үүсвэр
болгоныг авах боломж бүрдсэн гэсэн үг
юм. Мөн дан ганц хэвлийн хөндийн биш чээжний хөндийн болон
эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааг хийж болно гэдгийг улсын 1-р төв
эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгийн зөвлөх эмч О.Ганбат хэллээ.
Дурангийн хагалгааны тоног төхөөрөмж нь улсын төсвийн 132 сая
төргөгийн өртөгтэй, Германд үйлдвэрлэгдсэн бөгөөд энэ сарын 29-ний өдөр
суурьлуулж, 9 хүнийг цөсний хагалгаанд оруулжээ. Одоогоор 20 орчим хүн
хагалгаанд орохоор бүртгүүлсэн байна. Улсын хэмжээнд 1-р шатлалын 5
эмнэлэгт дурангийн хагалгаанд ороход нийгмийн даатгалын сангаас
хөнгөлөлт үзүүлдэг. Харин 2-р шатлалын эмнэлэг буюу Архангай аймагт
дурангийн хагалгаанд ороход НДС-гаас хөнгөлөлт авахгүй юм байна. Хэдий
ийм нөхцөлтэй ч хэвлийн дурангийн хагалгааны тариф нь боломжийн, нөгөө
талаар иргэдийг Улаанбаатар явж зардал өндөр гарахаас сэргийлж байгаа нь
нэг онцлог юм.
Аймгийн ЭМГ-ын орлогч дарга Г.Мандах хэлэхдээ, “Дурангийн хагалгаа МУ-д орж ирээд 20-иод жил болж байгаа. Энэ хөгжлөөс хол хоцролгүй аймагтаа дурангийн хагалгаа хийдэг боллоо. Энэ хагалгаа нь иргэдэд ямар нэг зовиур бага, нөгөө талаар хагалгааны дараах үр дүн өндөр, ийм тоног төхөөрөмжийг бид суурьлуулаад авлаа. Бид дараагийн удаа эмэгтэйчүүдийн чиглэлээр дурангийн технологийг нэвтрүүлэх боломж байгаа” гэлээ.
Энэхүү дурангийн хагалгааны аппаратыг хүлээлгэж өгөх нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Буяннэмэх нар оролцлоо. ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр хэлэхдээ, “Төр засгийн 1-рт авч үздэг асуудал бол хүний эрүүл мэнд юм. Ийм ч учраас аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, бусад холбогдох бодлогын баримт бичгүүдэд хүнд эрүүл мэндийн тусламж үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудаа дэмжинэ гэсэн байгаа. Мөн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлууд шат дараатай хийгдэнэ” хэмээн онцолсон юм.