Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ХАРИУЦЛАГАГҮЙН ЗУД НҮҮРЛЭСНЭЭС МӨНГӨНИЙ ХОМСДОЛ ҮҮСЧИХЭЭД БАЙНА

2017-02-05

Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зургаа дахь дарга Бидэрийн Өсөхбаяртай ярилцлаа.

-Аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон даруйд тань ярилцлага авахад та: “Дарга боллоо гэхээсээ илүү аймагтаа үлдэцтэй ямар ажил хийх вэ гэж бодож байна, надад өгсөн итгэл, хүндэтгэлийг хариуцлага гэж ойлгож байна” гэж хэлсэн. Энэ үгийн тань үргэлжлэлээр ярилцлагаа эхлэх үү?

-Баярлалаа. Аливаа ажил, арга хэмжээний эцсийн үр дүн, түүхэн шалгуур нь цаг хугацаа байдаг. Дөрвөн жил бол богинохон хугацаа. Дөрвөн жилийн дараа тухайн төр, засаглалын эрхийг хэрэгжүүлсэн нам, хувь хүмүүс ямаршуухан ажиллав гэдэгт ард түмэн дүн тавьдаг. Биднийг дэмжиж, биднийг харж байгаа олон хүний итгэл, дэмжлэгийг бид хариуцлагатайгаар авч явах ёстой.

Аймгийн эдийн засаг, нийгмийн асуудал бол хурлын бүрэн эрхийн асуудал. Тухайн аймагтаа тулгамдаж байгаа нийгэм, эдийн засгийн асуудлыг бид шийдвэрлэх ёстой. Хэдийгээр Монгол улсын эдийн засаг хүндрэлтэй, хөрөнгө оруулалт хомсдолтой энэ цаг хугацаанд бид аймгийн төрийн удирдлагын эрх мэдлийг хэрэгжүүлэх гэж байгаа ч бид боломжит бүх нөхцөл, боломжийг ашиглаж ажиллах түүхэн цаг үе ирж байгаа учраас би хариуцлага гэж хэлсэн юм.

-ИТХ-ын даргын чухал нэгэн үүрэг бол төлөөлөгчдийнхөө эрх ашгийг хамгаалах. Олонх цөөнхийн жинг тааруулах, хуралдааны уур амьсгалыг аятай байлгах, асуудлын голыг олох гээд танд даргалахын цаана зохицуулах ажил багагүй байж таараа?

-Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг бол төлөөллийн л хурал. Тухайн төлөөлөгчид итгэл үзүүлээд тухайн сум орон нутгийн иргэд нь дэмжээд явуулсан байгаа. Тэр хүнээр дамжуулж, тэдний үг хэл, үзэл бодол, дуу хоолой энд гарна. Тэр утгаараа төлөөлөгч нарын бүгдийнх нь эрх ашгийг тэнцүү хадгалж явах үүрэг аймгийн ИТХ-ын даргад байгаа юм. Би бол 39 хүүхэдтэй ангийн дарга нь. Тэр ангийн хүүхдүүдийг нэг нь миний намын, тэр нь нөгөө намын гэдэг байдлаар төлөөлөгч нартаа хандмааргүй байна.

Би олонх давамгайлсан хуралд олонх байж, цөөнх байсан хуралд сууж, хоолойгоо цуцтал янз янзын асуудлаар маргалдаж л байсан. Тэндээс анзаарч байхад цөөнхийн дуу хоолой, үг шийдвэрт хүрдэггүй юм байна гэсэн харамсал надад төрсөн. Мэдээж хүн болгон буруу юм яриад байгаагүй, олонх болгоны оруулж ирсэн асуудал зөв байх албагүй.

Энэ удаагийн ИТХ-ыг иргэдийн төлөөлөл болж сонгогдож ирсэн хүмүүсийн үзэл бодол, ухаан санаагаа уралдуулдаг, тэндээс хамгийн зөв шийдвэр гаргадаг байгууллага болгохын төлөө л ажиллана. Боломж нь таарвал олонхын бяраар цөөнхөө бярдаад байхгүй гэсэн бодлыг агуулж байна даа.

-Сэтгүүлчийн хувьд би зургаан удаагийн хурлын нүүр үзэж, зургаан өөр хурлыг хэрхэн даргалахыг харж байна. Хэдийгээр хуулийн хүрээнд хуралдаан өрнөдөг ч ялгардаг онцлогууд байдаг. Одоохондоо таны ая дан мэдэгдээгүй байна л даа. Тэгээд ч хурлын дарга зөвхөн хурал даргалахгүй, хуралдааны чөлөөт цагт өдөр тутмын ажилтай хүн шүү дээ. Та ажилдаа юуг цөм болгох вэ?

-Монгол ардын сайхан үг байдаг. Олуулаа хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэж. Тийм учраас иргэдийнхээ үгийг, төлөөллийнхөө үгийг маш сайн сонсох ёстой гэж ойлгодог. Дээр нь эрх барьж байгаа намын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнтэй уялдуулан хэрэгжүүлэх гэж байгаа аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр гээд барьж ажиллах үндсэн чиг шугам бий. Мөн тухайн аймаг орон нутгийн онцлогтой холбоотойгоор ямар шинэлэг ажил, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх юм бэ гэдэг дээр л бид ухаан бодлоо уралдуулах ёстой.

Өөрийн чинь хэлдгээр зургаан удаагийн ИТХ-ын байр байц болгон өөр байсан. 1996, 2000, 2004 оны ИТХ-ууд бол бүх сум, төсөвт байгууллагуудын төсвийг зардлын зүйл ангиар нь зүйлчлэн хэлэлцэж баталдаг байлаа. Тухайлбал: Тухайн сургуулийн цалин нь хэд юм, НДШ-д нь хэдэн төгрөг байх юм, бичиг хэрэг, томилолтын зардал гээд бүгдийг нь задалж ярилцдаг байсан. Энэ үед ИТХ-ын төлөөлөгч нарын оролцоо маш өндөр байсан. Харин Төсөвт байгууллагын удирдлага, санхүүжилтийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш төсвийн эрх мэдэл задарч, аймаг, сумын эрх мэдэл, чадамж буурсан. Яамд, сайдуудаараа төсвийн байгууллагын санхүүжилт нь бөөнөөрөө ирээд аймгийн ИТХ бол аймгийн орлого, зарлага, хурал, тамгын газар зэрэг хэдэн байгууллагын төсвийг баталдаг болж ирснээр төсөв талынх нь эрх мэдэл хумигдсан. Үүнээс хойш Хурлын чадамж тодорхой хэмжээгээр буурсан гэж ойлгодог. Гэхдээ ИТХ-ын хэлэлцэхгүй асуудал гэж байдаггүй. Бид олон асуудлыг оруулж ирээд хэлэлцээд явах боломжтой. Дээр нь төсвийн байгууллагуудын үйл ажиллагаа хөндлөнгийн юм шиг болчихсон байна. Тэгэхээр бүх салбарын үйл ажиллагааны үндсэн чиглэл, төсөв санхүүгийн зарцуулалт, бодлого зэрэгт хурал бүрэн эрхийнхээ хүрээнд оролцвол яадаг юм бэ гэсэн бодол байгаа. Ер нь бодлого харьцангуй алдагдсан юм шиг санагддаг.

-Та төрийн албыг шат шатанд нь хашиж явсан хүн. Сум, аймгийн түвшинд ажиллаж байсан түүх тань өнөөдөр таныг энэ ажлыг хийхэд туршлага болно биз?

-Ер нь амьдрал баян. Нэгээс эхлэхгүй тоо байдаггүйтэй адилхан төрийн алба, үйлчилгээнд анхан шатнаасаа эхэлдэггүй ажил, арга хэмжээ гэж байдаггүй. Би 1994 онд Батцэнгэл сумын ЗДТГ-ын мэргэжилтэн, тухайн үеийн “Халаалтын зуух” УҮГ-ын эрхлэгчээр ажил амьдралын гараагаа эхэлж байлаа. Баг, сум, аймгийн түвшинд төрийн захиргаа, нам, улс төрийн байгууллагад нийтдээ 22 жил ажилласан байна. Ингээд харж байхад хөдөө орон нутгийн амьдрал, тэнд явагдаж байгаа үйл ажиллагаа бол аймгийн ажил, арга хэмжээний үндсэн суурь нь болдог. Төрийн анхан шатны байгууллагууд нь тухайн орон нутагтаа төрийн бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлж, яаж шуурхай сайн ажиллаж байна, иргэддээ хэр хүрч ажиллаж байна, иргэдийнхээ санаа бодлыг хэр сонсож байна, тэрэндээ нийцсэн ямар бодлого шийдвэр гаргаж байна гэдгээс шат шатны төрийн байгууллагуудын нэр хүнд хамаардаг.

Ер нь анхан шатанд ажиллаж байсан ажлын маань үр дүн өнөөдрийн энэ түвшинд хүрэх боломжийг нээж өгсөн. Хүн амьдрал дээр, хөрсөн дээрээ хэр бууж ажиллаж чадна, тэр дундаасаа хэр үнэлэгдэж гарч ирсэн байна, дараагийн шатандаа үнэлэгдэх үнэлэмж нь арай өөр болдог юм болов уу гэж боддог.

-Нэгэн үе манай аймаг хөгжлөөр хоцрогдсон гэж гоочлогддог байлаа. Харин сүүлийн жилүүдэд зам харилцаа сайжраад, барилга байшин баригдаад хөгжиж байна гэх болжээ. Хөгжил гэдэг нэг талаар шунал юм уу даа. Хүний сэтгэл ханадаггүй, одоо ингэчихвэл гээд л ахиад байдаг. Гэхдээ хөгжил гэдэг цаг хугацаа, хэрэгцээнээс хамаараад түвшин ахиж яригддаг зүйл. Архангай аймгийн хөгжлийн тулгуур өнөөдрийн түвшинд юу байна вэ?

-Хүний хийсэн бүтээснийг үгүйсгэнэ гэдэг бол тэнэг хэрэг. Бид тэр нам, энэ нам гэж хуваагддаг боловч эцсийн зорилго нь Архангай аймгийн ард иргэдийн сайн сайхны л төлөө. Үүний төлөө оюун ухаанаа чилээж явсан үе үеийн намын нөхдүүдээ, нөгөө намын нөхдүүдээ буруутгах эрхгүй. Тухай тухайн засаглал, бүрэн эрхийнхээ хугацаанд л Архангай аймгийн сайн сайхны төлөө ажилласан.

Яахын аргагүй энэ дэд бүтэц, зам хөгжил мөн үү, мөн. Гэхдээ хөгжлийн нэг хэсэг, суурь нь. Энэ суурин дээр хөгжлийн бусад ямар сууриудыг нэмэх вэ, яаж бодлогын түвшинд авч явах вэ гэдэг бол хөгжлийн чиг хандлага гэж ойлгодог. Хамгийн энгийнээр, хөгжил гэдэг бол өмнөх үеийнхээ сайн юмыг дараагийн үед нь улам боловсронгуй болгож, сайжруулж авч явах л дэвшил. Таны хэлдгээр цаг хугацаанаас хамаарч хөгжлийн шалгуур үзүүлэлт, чиг хандлагууд өдөр болгон өөрчлөгдөж байна.

Би аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга хийж байсан хүн. Тэр үед Архангайн хөгжлийн цогц бодлого гэж 2012-2030 он хүртэлх баримт бичиг гарч байлаа. Энд Архангай аймгийн хөгжлийг үндсэн гурван зүйлээр тодорхойлсон байдаг. Нэгд, бүх асуудлын цөм нь оюунлаг хүн юм гэж. Архангай аймаг олон оюунлаг иргэн, математикчид, оюун ухааны гайхамшигтай хүмүүсээрээ алдартай. Оюуны суурь дэд бүтэц сайтай аймаг. Үүн дээрээ тулгуурласан эрүүл чийрэг, эрдэм боловсролтой ирээдүй үе бол Архангайн хөгжлийн үндсэн чиг хандлага. Хоёрт, Архангай бол Цэнхэрийн Орхоныг эс тооцвол газар нутаг нь бүрэн бүтнээрээ байгаа аймаг. Манай аймагт хүнд үйлдвэрийн чиглэлээр тогтоогдсон, алтны, нүүрсний, зэсийн бусад хүнд металын илэрц орд байхгүй. Тиймээс байгалийнхаа унаган төрхийг хадгалсан шинжлэх ухааны үндэслэлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бидэнд байна. Зүгээр нэг нуурын эрэг дээр гурван гэр барьчихаад аялал жуулчлал гэвэл энэ биш ээ. Дэлхий нийтийн аялал жуулчлалын ерөнхий хандлагыг харсан, шинжлэх ухааны үндэслэлтэй аялал жуулчлалыг хөгжүүлбэл манай сайхан байгаль гадаадын аялагчдаас гадна дотоодын аялагчдыг ч татна. Энэ чиглэлд хөгжүүлбэл аялал жуулчлал Архангайн хөгжлийн нэг гарц. Гурав дахь гарц бол яах аргагүй хөдөө аж ахуй. Үеийн үед Архангай аймгийн эдийн засаг, хөгжлийг нуруундаа үүрч ирсэн хөдөө аж ахуй. Нэмээд барилгын материалын олдцод тулгуурласан хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой. Байгалиас заяасан энэ их өмөг хишгийг өөрсдөдөө боломж болгож авах юм бол хөгжил ойрхон харагддаг.

-ИТХ гэдэг байгууллага нэг талаар цаас үйлдвэрлэдэг газар. Баахан тогтоол гаргадаг, хөтөлбөр баталдаг. Гэтэл амьдрал дээр хэрэгжсэнийг нь тооцвол хайран цаас, цагийн гарз гэчихээр дүн гарч магадгүй. Бүх шийдвэр тийм биш ч, хэрэгжээгүй нь бас цөөнгүй. Ажил, амьдрал дээр биеллээ олох шийдвэрийг гаргахгүй байна уу, хэрэгжүүлэхэд асуудал байна уу?

-Хоёр талтай асуудал гэж хардаг. Тухайлбал: Эрүүл мэндийн газар, Боловсролын газарт ч юм уу тодорхой хэмжээний төсөл хөтөлбөрүүд хэрэгжихэд аймгийн төрийн байгууллага, Нутгийн удирдлагын байгууллагаас нь дэмжсэн шийдвэрүүд зайлшгүй байх ёстой байдаг. Хөтөлбөрийг нь аймгийн хурлаар баталсан байх ёстой, Тэргүүлэгчдийн тогтоол гарсан байх ёстой гэдэг ч юм уу.

Ер нь санал нэг байна. Маш олон хөтөлбөр төслүүдийг бид баталж байсан. Сүү, Малын чанар сайжруулах, Эрүүл мэндийн хөтөлбөрүүд, Боловсролын, Аялал жуулчлалын, Малын хулгайтай тэмцэх гээд. Нэг л зовлонтой асуудал бий. Хөтөлбөр, төсөл юмнуудыг сайхан боловсруулаад баталчихаар хэрэгжүүлэх төсөв санхүүгийнх нь асуудлыг тухайн төсөвтэй нь уялдуулж өгдөггүй учраас л нөгөө төсөл хөтөлбөрүүд нь хэрэгждэггүй зогсчихдог. Ганц нэгхэн асуудал дээр тав аравхан төгрөг тавигддаг. Хэрэгжүүлэхийг тухайн байгууллагын удирдлагуудад үүрэг болгоод орхичихдог. Хэрэгжүүлэхээр мөнгө тавиад явах санхүүгийнх нь боломж хязгаарлагдмал учраас энэ асуудал ингээд зогсчихдог. Үндсэндээ таны хэлдгээр цаас үйлдвэрлэдэг болчихоод байгаа юм.

Хэрвээ тэр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлье гэж байгаа бол аймгийн хэмжээний томоохон хоёр гурван хөтөлбөр гаргаад, яг юунд анхаарах гээд байгаа чиглэлдээ мөнгө төсөвлөх хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, Хөдөө аж ахуйн юуг нь хөгжүүлэхийн. Сүү боловсруулах гээд байгаа юм уу, хатаасан мах хийх гээд байгаа юм уу, борц хийх гээд байгаа юм уу, энэ чиглэлээ тодорхой болгож байгаад энийг дэмжье, энд хөрөнгө зарцуулъя гэсэн хөтөлбөр төсөл, бодлого чиглэлтэй болохгүй бол юм юм руу самардаад байвал үр дүнд хүрэхгүй. Математик хөтөлбөр гээд л хэрэгжиж байлаа. Энд хувь хүмүүс бодож санаж хийсэн, олон эрдэмтдийн санал бодол орсон л байх. Үр дүн нь юу байна гэхээр цаасан дээр хэдэн асуудал ярих байх, хоёр олимпиадын амжилт дүн ярих байх.

Ер нь бол аливаа юмны эцсийн үр дүн нь нүдэнд харагдаж, гарт баригддаг байвал хүнд ч ойлгуулахад амар, өөрсдөө ч ярьж байхад амар. Ийм үйлдвэр барихад ийм бодлого барьсан юм, энд тэдэн хүн ажиллаж байгаа юм, аймгийн төсөвт тэдэн төгрөг орсон юм аа гээд яривал хэн ч ойлгоно. Ерөнхий цаасан дээрх юм яриад байхаар эцсийн эцэст улс төржих, биеэ хамгаалах гэсэн хуурай ярианаас хэтрэхгүй болчихоод байгаа юм. Тийм учраас энэ тал руу л бид нар анхаарал хандуулж байна.    

ОХУ-тай гурван гишүүн маань ярьж байгаа. Архангай аймгийн нэг том боломж бол сарлаг. Монголын нийт сарлагийн 45 хувь нь Архангай аймагт байна. Сарлагийн сүү, мах гэсэн хоёр том брэнд. Харьцангуй, сарлагийн өвчин Монголд гараагүй. Сарлаг ерөөсөө өвчилдөггүй, хүйтэн сэрүүнд тэсвэртэй, өөр организмтай амьтан, маш өндөр тослогтой сүүтэй. Орос, Хятад сарлагийн мах авъя гэж байна. Тэгвэл яаж гаргах вэ? Тэгэхээр л нөгөө нэмүү өртөг шингэсэн лаазалсан бүтээгдэхүүн болгож гаргахгүй бол зүгээр пакетлаад ч бай, ачаад ч бай, ойрын арван таван жилд боловсруулаагүй мах хилээр гарна гэдэг асуудал Монголд байхгүй. Энийг малчдад ойлгуулах хэрэгтэй. Тухайн орон нутагт нь сарлагийн лаазалсан махны үйлдвэр байгуулж байж, тэрийгээ эндээ ажиллуулж байж л бид мах гаргах асуудлыг ярина.

Бэлчээрийн мал аж ахуй гэдэг юм Монголоос өөр газар байхгүй болсон. Ер нь бид монгол малын генийг хадгалж явах үүрэгтэй. Үндсэн хуулиндаа ч мал төрийн хамгаалалтад байна гэж заасан. Энэ заалт бол мал биш юм шүү, монгол малын үндсэн генефондыг төр хамгаална гэдэг утгатай.

-Манайхан зуд болбол төрөөс өвс өгөх ёстой гэдэг утгаар нь ойлгодог?

-Яг тийм, манайхан махчихлаад тэгэж ойлгоод байдаг. Хуулийн энэ заалтын утгаараа ч ер нь монгол малыг хөлөөр нь гаргах асуудал төрийн бодлогод байж болохгүй зүйл.

-Иргэний танхим гэж сайхан нэртэй, сайн зорилготой өрөө гаргаад, нэг хэсэг хэлэлцүүлэг эрчимтай явагддаг байснаа сүүлдээ нам жим болсон. Энэ удаагийн хурал иргэд рүү чиглэсэн, иргэдээ сонссон ямар бодлого, үйл ажиллагааг голчлох бол?

-Иргэний танхимыг байгуулж ажиллуулах зарлигийг 2013 онд Монгол улсын Ерөнхийлөгч гаргасан юм билээ. Энэ хүрээнд бүх аймагт Иргэний танхим байгуулаад тус танхимаар дамжуулж тухайн хурлаар орох гэж байгаа, аймагт тулгамдаж байгаа асуудлуудаар иргэдийн саналыг авч хэлэлцэх гэсэн үндсэн чиг зорилготой. Санаачилсан зорилгын хувьд зөв ажил эхлээд, манайхан чинь юманд ханддаг хандлагаараа эхний нэг хоёр хэлэлцүүлэгт ороод л дараагийнх нь юмнуудад юм орохгүй байгаа юм.

Ер нь иргэдийн оролцоог хангана гэдэг нь иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх л асуудал л даа. Гэхдээ улс төрөөс ангид, улс төржихгүйгээр. Нөлөөгүй толинд өөрийгөө нэг харъя гэдэг дээ. Бодит нөхцөлийг үнэлсэн, иргэний амьдралтай холбоотой асуудлуудыг нь бодлогын түвшинд цэгцэлмэээр байгаа юм. Төр оролцох юм байна, оролцохгүй ч юм байна. Газар нутаг, хил, өмчтэй холбоотой асуудлуудад зайлшгүй бодлого, зохицуулалт хэрэгтэй. Ялангуяа өмч хөрөнгийн юмнуудыг цэгцлэх нь хурлын асуудал. Жишээ нь: Нэг суманд 960 хүүхдийн сургууль баригдаж байхад хажууд нь өмнө нь ашиглагдаж байсан гурван давхар барилга ашиглалтгүй үлддэг. Тэрийгээ сургууль нь манай юм гээд өгөхгүй санаатай. Гэтэл хажууд нь цэцэрлэг нь гэрт хүүхэд аваад байж байдаг. Тэгэхээр өмчөө төр зохицуулах асуудал дээр иргэдээс гарч ирж байгаа санал санаачилгуудыг бодитой ажил болгоход хурлаас боломжуудыг бүрдүүлж өгөх шаардлага байна. Бид хичнээн жил мод тарилаа. Түүгээрээ бол Архангай аймаг багтахгүй л модтой болчих байсан. Тэгэхээр дендрологич нар, ойн инженерүүдийг ашигласан мэргэжлийн жижиг баг байгуулаад, тэднийг дагасан ажил эрхэлье гэсэн хөдөлмөрийн чадвартай иргэдийн нөхөрлөл байгуулаад хариуцуулаад өгье л дөө. Байгууллагууд хэдэн мод тарих юм, тэр мөнгөө санд төвлөрүүлээд, модоо энэ хүмүүсээр тариулъя. Ер нь иргэдээс гарч ирж байгаа санаачилгуудыг дэмжинэ гэдэг л иргэдийн оролцоог бий болгоно гэсэн үг.

-Хамгийн түрүүнд иргэдийн санаачилгыг яаж өрнүүлээд ямар асуудлаар шийдвэр гаргасан бол?

-Эхний шийдвэрийг байгаль хамгаалах сангийн хөрөнгийн зарцуулалтад өөрчлөлт оруулж, 12,0 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Дээр нь ажил хөдөлмөр идэвхтэй эрэлхийлж байгаа ахмадууд, мэргэжлийн байгаль хамгаалагч нар, дендрологич нараар ахлуулсан гурван бүлэг байгуулсан. Энэ асуудлыг ирэх жилийн төлөвлөлтөд оруулна гээд эхлэлийг тавьсан. Цаашдаа аймгийн садуудыг нөхөрлөлүүдэд хариуцуулж өгөөд төсөв төлөвлөгөөг нь өөрсдөөр нь гаргуулъя, үүнийг нь байгаль хамгаалах сан, бусад хөрөнгийн эх үүсвэрээр дэмжиж өгөөд, үүнд нь цалин биш, мод ургуулсны нөхөн төлбөр хэлбэртэйгээр урамшуулал олгоод явъя гэсэн шийдвэр гаргасан. Аливаа юм эзэнтэй, хариуцлагатай байвал урсгалаараа явчихна.

Иргэдийн үүсгэл санаачилгын олон асуудал хурал дээр орж ирж байна. Эдгээрийг бодлогын түвшинд шийдвэрлэнэ. Бүх юмыг төр өөр дээрээ овоолоод байдаг, даахаа байчихсан. Тиймээс тодорхой хэмжээний боломжит хэлбэрүүдийг хувийн хэвшил рүү шилжүүлье гэсэн бодлоготой байгаа. Гүйцэтгэх ажлуудыг нь хувийн хэвшлүүд гүйцэтгэ, төсөвт суугдсан юмаа аваад яваг. Тухайлбал, бүх сумын халаалтын асуудал байна. Аль ч суманд очсон тогоо, жанам нь шатчихсан, халаалтгүй, бохир нь хөлдсөн гэсэн асуудал яригддаг. Тэгвэл аймгийн хурал дээр нэгдсэн шийдвэр гаргаад, хоёр гурван сумаар нь багцлаад хувийн хэвшилд шилжүүлье гэж байгаа юм. Гэхдээ концессоор. Тийм сонирхолтой хүмүүс байна. Цаашлаад сургуулийн дотуур байр, үдийн цай, хоолны асуудлыг ч төрөөс салгамаар байгаа юм. Сургуулийн захирал гэхэд л сургуулийн үндсэн сургалт хүмүүжлийн хөтөлбөр рүүгээ хандахаасаа илүүтэй аж ахуйн захирал болчихсон.

Төр өөр юмаа хийе, аж ахуйн ажлуудыг хувийн хэвшил рүү өгье. Концессоор барих-ашиглах-эзэмших гэсэн байдлаар бодлогын шийдвэрүүдийг хурлаас гаргаж өгье гэж байгаа юм. Харин төрийн менежерүүд нь шаарддаг, хяналтаа тавьдаг байя.

Ер нь эцсийн бүлэгт иргэдийн оролцоо гэдэг бол ИТХ-ын чиг хандлага нь гэж ойлгож байна. 

-Энэ дөрвөн жилд аймгийн хөгжил, гадаад харилцаа, стратеги бодлого гээд хийж хэрэгжүүлэх, шийдвэрлэх олон асуудал байж таараа. Мөнгөгүйн гачлан тоочвол илүү хөдөлгөөн хийхгүй зүгээр сууна гэсэн үг. Таны төсөөлөл юу байгаа вэ?

-Мөнгөтэй, мөнгөгүйдээ ч гол биш юм л даа. Хамгийн гол хэцүү юм нь манайд хариуцлагагүйн зуд гэдэг юм нүүрлэсний улмаас мөнгөний хомсдол үүсчихээд байгаа юм ш дээ.

Би өөрөө хөдөө аж ахуйн хүн болохоороо ч, ярьж байгаа нэг асуудал бол ХАА-н хөгжлийнхөө чиг хандлагыг өөрчилж, орчин үеийн хосолмол аж ахуй байгуулах чиглэл рүү алхам хийнэ гэсэн бодолтой байгаа. ХАА-н бүтээгдэхүүний боловсруулах 1-2 үйлдвэрийг Архангайд байгуулна гэсэн чиглэлтэй байна. Эхний гэрээ хийгдээд явж байна. АСЕМ-ийн чуулга уулзалтын үеэр Вьетнам Монгол улсад арьс ширний хоёр үйлдвэр байгуулах санал тавьсан. Нэгийг нь УИХ-ын гишүүд, ХААЯ-аар хөөцөлдөж байгаад манайд барих асуудал судалгааны түвшинд явж байна. Үүн дээр зайлшгүй яаравчлах асуудал бол цэвэрлэх байгууламжийн шинэтгэлийн асуудал. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гэрээ байгуулагдчихсан явж байгаа. Энэ хоёр зэрэг явах ёстой.

Сүү, махны чиглэлд хоёр томоохон асуудлыг шийдэх ёстой. Сүүний хувьд бид бэлтгэгч, цаад улс маань манайхаас хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ авдаг нийлүүлэгчийн хэмжээнд ажилладаг байх асуудлуудыг тодорхой түвшинд ярьж эхэлсэн. Энэ бол ажлын эхлэл. Сүүнээс гадна цагаан идээгээ борлуулах зах зээлийг өргөжүүлэх юм бол Архангайчуудын амьдрал дээшлээд ирэх боломж байгаа юм. ХАА-н 2-3 үйлдвэрийг энэ дөрвөн жилд байгуулах бодлоготой байна. Энэ нь улсын төсөв хараад байхгүй олон улсын төсөл хөтөлбөр, гадаадын дэмжигч орнуудын туслалцааг хөөцөлдөлгөөгөөр олох асуудал.

Цэцэрлэг хотыг бааюуны хонхор гэдэг байлаа шүү дээ. Дээр үеэсээ түүхий тоосго цохиж байсан. Орчин үеийн технологид нийцсэн ганц сайхан тоосгоны үйлдвэр барьж яагаад болохгүй гэж. Бүх тоосгоо хотоос зөөж байна. Гэх мэтчилэн технологийн дэвшлүүдийг Архангай аймагт авчрах, өөрсдийнхөө боломжид тулгуурлаад хөгжих боломжтой.

ИТХ хийж бүтээнэ гэхээсээ илүүтэй, хийж бүтээх бодлогын чиглэл, төсөв мөнгөөр хангаж өгөх үүрэг бүхий байгууллага. Засаг дарга бол хийж хэрэгжүүлэх субъект. Гэхдээ энэ хоёрыг салгаж ойлгож болохгүй, нэгдмэл байх ёстой.

Эцэст нь хэлэхэд, ямаршуухан ая дантай хурлын дарга байх тухай таны асуусанчлан, жаахан чих зөөлөнтэй хурлын дарга байхыг л бодож байна. Юм хэлэхэд дүлий юм шиг царайлаад байхгүй, болбол болохыг нь хэлээд, болохгүй бол тэрийг нь хэлдэг байхыг, хүн ёсны гэхээсээ илүүтэй, төр ёсны харилцааны хэлбэрийг сайжруулах гэсэн бодол байна.

-Аймгийн ИТХ-ын дарга болсноосоо хойш анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Танд ажлын амжилт хүсье.

-Баярлалаа. Энэ завшааныг ашиглаад нийт Архангайчууддаа аймгийн ИТХ-ын дарга болон төлөөлөгчдийнхөө нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, өнтэй сайхан өвөлжөөрэй гэж хүсье.

О.АМАРЗАЯА

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%