Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

СҮХБААТАР АЙМГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛАГА

2017-09-28

Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр нь 1921 оноос өмнө Халхын Сэцэн хан аймгийн Чин ван хошуу, Далай ван хошуу, Ёст бэйс хошуу, Эрх гүн хошуу, Хурц засаг хошуу, Егүзэр хутагтын шавь хошуу гэсэн 6 хошууны нутаг. 1931онд Халхын 4 аймгийг 13 аймаг болгон өөрчлөхөд Хэнтий, Дорнод аймагт харъяалагдаж байлаа. 1940-1942 оны засаг захиргааны өөрчлөлтөөр 1942 онд Жавхлант шарга аймаг шинээр байгуулагджээ. Энэ үед Дорнод аймгаас Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Дарханхаан, Жавхлант шарга, Зотол, Товч таницуулгаОнгон, Урт, Халзан, Хонгор зэрэг 10 сум, Хэнтий аймгаас Баянтэрэм, Уулбаян, Өлзийт, Түвшинширээ зэрэг 4 сум бүгд 14 сум, 125 баг, 29,2 мянган хүн ам, 850 мянган толгой мал, өвс хадах морин станц 2, нүүрсний уурхай нэг, сүү тосны завод 3-тай байгуулагдаж, Мадалын хийдийн сууринд төвлөрсөн бөгөөд аймгийн хөдөлмөрчдийн анхдугаар их хурал 1942 оны 3-р сард 74 төлөөлөгчийн  бүрэлдэхүүнтэй хуралдаж аймгийн Бага хурлыг 29 гишүүн, аймгийн яамны тэргүүлэгчдийг 9 хүний бүрэлдэхүүнтэй сонгож, аймгийн даргаар Сэдэдийн Түвдэнг томилжээ.

Улсын бага хурлын 1943 оны 2-р сарын 20-ны өдрийн тогтоолоор Жавхлант шарга аймгийг их жанжин Сүхбаатарын нэрэмжит болгож “Сүхбаатар аймаг” гэж нэрлэх болсон. Мөн ондоо аймгийн төвийг Баруун-Урт голын дэргэд шилжүүлэн суурьшуулж “Баруун-Урт” гэж нэрлэсэн байна. Тус аймаг нь засаг захиргааны 13 сум, 66 багтай, 60 орчим мянган хүн амтай. Хүн амын олонхи нь Халх, Дарьганга ястан бөгөөд Үзэмчин, Барга, Хуучид, Өөлд, Цахар ястан цөөнх хувийг эзэлдэг.

Нутгийн хийлийн нийт урт 1340 км бөгөөд урд талаараа БНХАУ-тай 485 км, баруун талаараа Дорноговь аймагтай 165 км, хойт талаараа Хэнтий аймагтай 260 км, зүүн хойт талаараа Дорнод аймагтай 430 км газраар тус тус хиллэдэг.

Аймгийн нутаг Дорнод Монголын тэгш талын өмнөд хэсгийн үргэлжлэл бөгөөд нийтдээ 82,3 мян.км 2 газар нутагтай, тал хээрийн бүсэд багтдаг. Нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшнээс дээш 1000-1200м өндөрт оршдог. Хамгийн өндөр цэг нь далайн түвшинээс дээш 1778м-т өргөгдсөн Шилийн Богд уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 790м-т өргөгдсөн Байшинт юм.

Сүхбаатар аймаг нь ус зүйн мужлалаар ус багатай бүст багтах бөгөөд гадаргуугийн ус ховортой, тогтмол урсгалтай гол мөрөн байхгүй боловч 20 гаруй жижиг нуур, 200-аад булаг шанд, гол горхи байдаг. Талбулаг, Арын нуур, Рашаант, Эрээн толгой, Далай булаг, Гашуун, Цавчир өвдөг, Модонгийн худаг, Цагаан булаг зэрэг рашаан ус олонтой.

Байгалийн сонин тогтоц бүхий газар нутаг элбэгтэй. Үүнд: Дарьганга суманд 200 гаруй сөнөсөн галт уул, Онгон Дарьганга суманд 127-248 км2 талбай эзлэх Онгон, Молцогийн их элс, Эрдэнэцагаан сумын нутагт байгалийн нөөц газар Лхачинвандад уул, Дарьганга, Наран сумын нутагт Баяндулаан, Талын агуйт, Мөнххаан сумын Баян-Уулын орчмын агуй. Лог, Будар, Зараа, Төрөнгө, Дэлгэрхаан, Харгилтай зэрэг үлэмж талбай бүхий чулуун тогтоцтой нуруу хөндий олон байдгийн дээр чулуужсан яс зэрэг амьтан ургамлын үлдэгдэл Байшинт, Ходоодын говь, Хорголжингийн талаас олддог юм.

Эрдэнэцагаан сумын нутаг дахь Бичигт боомт нь 2008 оноос эхлэн байнгын ажиллагаатай болж өргөжснөөр ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, Зүүн Үзэмчин хошуутай гадаад хамтын ажиллагаатай ажиллаж байна.

Эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй, уул уурхайн салбар бөгөөд нутгийн шилмэл омгийн Баяндэлгэрийн улаан ямаа, Эрдэнэцагааны үзэмчин хонь, Түмэнцогтын махны хэвшлийн үхэр, хурдан удмын адуун сүрэг, уул уурхайн хувьд цайр, зэс молибден, хүрэн нүүрс, хайлуур жонш, гянтболд зэрэг орд газруудтай.

Аймаг, сумдын төв эрчим хүчний систем болон мэдээлэл харилцаа холбооны сүлжээнд бүрэн хамрагдсан.

Сүхбаатарчууд бид төрийн их тахилгат Алтан овоо, эрийн хийморийг сэргээсэн Шилийн Богд уул, бурхан ухаант уран дархчуудын Дарьганга мөнгөн урлал, жил бүрийн намартаа чуулдаг хунгийн чуулган, хурдан шандаст хүлэг морьд, шинжлэх ухаан, урлаг соёл, нийгэм, төрийн алдартнууд, эрдэмтэн мэргэд, төр нийгмийг үндэслэгчдийн нэг их жанжин Д.Сүхбаатараараа бахархдаг.


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%