Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25
жилийн ойн арга хэмжээг Сүхбаатар аймгийн хэмжээнд зохион байгуулж, Бүх шатны
ИТХ-ын үйл ажиллагааг сурталчлах, ИТХ-ын төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлэх,
хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. Баярын
үйл ажиллагаанд сум тус бүр ИТХ-ийн төлөөлөгчөөр ажиллаж байсан үе үеийн дарга,
нарийн бичгийн дарга, төлөөлөгчид гэсэн арван хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Ойн арга хэмжээ баярын хурал 2017оны 11 сарын 8-нд боллоо. Баярын хуралд ирсэн
үе үеийн удирдлагууд, ахмад төлөөлөгчид өөрсдийн ажиллаж байсан үеийн талаар
дурсан ярьж, мөн идэвх зүтгэлтэй ажилласан зарим албан хаагчдыг шагнан
урамшууллаа. “Би сайхан цагт аймгийнхаа нутгийн удирдлагын байгууллагад ажиллаж
байлаа. Энэ нь 2000-2004 оны хооронд Аймгийн ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж
байсан юм. Энэ хугацаанд аймгийн удирдлагууд, хамт олонтойгоо Аймгаа
хөгжүүлэхэд өөрийн бүхий л хүчээр ажиллаж ирсэн. Бидний үе өнөөгийн энэ их
мөнгө төгрөгтэй болсон үетэй адилгүй. Тухайн үед Засгийн газар багш, эмч
нарынхаа цалинг ч тавьж чадахгүй үе байлаа. Аймгийн хурлаас батлах хөрөнгө
багатай ч гэсэн чадлынхаа хүрээнд ажил арга хэмжээг авч байв. Ер нь төсөв
хөрөнгө хүнд байсан шүү” хэмээн аймгийн ИТХ-ын дарга асан Г.Үржин ярилаа. Өдгөө
Сүхбаатар аймгийн ИТХ 33 төлөөлөгчтэй. Эдгээрээс хамгийн удаан буюу тав дахь
удаагаа сонгогдон ажиллаж буй төлөөлөгч бол Ц.Хүрэлбаатар, М.Төмөрчулуун нар
юм. Тэрээр хэлэхдээ “Тэртээ 25 жилийн өмнө анх л нутгийн удирдлагын байгууллага
үүсэхэд анхны төлөөлөгчдийн нэгээр сонгогдож, гэрэл цахилгаангүй орчинд шөнөжин
лаа тавиад хуралддаг байлаа. Үүнээс хойш аймаг орон нутаг маань хөгжин дэвшсээр
байна. Наад захын жишээ гэхэд одоо бид, хэд бол хэдэн цагаар ч хуралдах
боломжтой болсон. Энэ бүхий л цаг хугацаанд нутаг орныхоо хөгжил дэвшлийн төлөө
хамт олонтойгоо ажиллаж байгаадаа баяртай байна. ” гэв. Харин аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат хэлэхдээ “Бид нийт ард
иргэдийнхээ дуу хоолой болж нутгийн өөрөө удирдах ёсны тогтолцоонд хувь
нэмрээ оруулж өдгөө 25 жил болжээ. Үүнд төлөөлөгчдийн гүйцэтгэсэн үүрэг оролцоо
асар их буйг дурдах хэрэгтэй. Аймаг орны минь хөгжил дэвшил эдгээр
төлөөлөгчидтэй салшгүй холбоотой. Миний хувьд аймгийн ИТХ-ын даргаар сонгогдоод
хагас жил болж байна. Энэ хугацаанд өмнө нь ажиллаж байсан дарга нарынхаа
залгамж халааг үргэлжлүүлэх, хурлын үйл ажиллагааг чадавхжуулах,түүний боловсон
хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн болоод бусад зүйлсийг дэвшин
дээшлүүлэхийг зорилго болгон ажиллаж байна.” гэсэн юм.
