Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АРХАНГАЙ АЙМГИЙГ ХӨДӨӨ АЖ АХУЙН ЖИШИГ АЙМАГ БОЛГОЧИХ ЮМСАН ГЭСЭН ЗОРИЛГОТОЙ БАЙНА

2018-01-03

-Тантай яг нэг жилийн өмнө ярилцлага хийж байжээ. 2016-2020 оны аймгийн ИТХ байгуулагдаад жил гаруй боллоо. Энэ хугацаанд хийсэн даацтай ажлуудаас ярилцлагаа эхлэх үү?

-Томоохон даацтай ажил гэвэл товчхон хоёргурван асуудлуудыг яръя. Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг бол шат шатны гурван бүтэцтэй. Аймгийн ИТХ, сумын ИТХ, багийн Иргэдийн нийтийн хурал. Доод шатны байгууллагууддаа мэргэжил арга зүйн зөвлөгөөөгч тэднийгээ чадавхжуулах ажил бол ИТХ-ын нэн тэргүүний ажил. Энэ ажлын хүрээнд бид тодорхой хэмжээний ахиц гаргасан гэж бодож байна. Бүх шатны ИТХ-ын төлөөлөгчдийг хоёр удаагийн чадавхжуулах мэргэшүүлэх сургалтад хамрууллаа. Бүх сумдын иргэдийн хурлын тэргүүлэгчид, ИТХ-ын нарийн бичгийн дарга нарыг чадавхжуулах сургалтыг мөн хоёр удаа зохион байгууллаа. Сумдын хурлын дарга нарын сургалтыг бас хоёроос гурван удаа зохион байгуулсан. Энэ ажил арга хэмжээг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, УИХ-ын Тамгын газартай хамтран зохион байгуулсан. Сургалтуудыг зохион байгуулснаар ИТХ-ын төлөөлөгч гэдэг хүн хэн юм бэ, юу хийх ёстой юм бэ, ямар чиглэлд анхаарлаа хандуулах вэ гэдэг талаар төлөөлөгч нар сайн чадавхжсан гэж ойлгож байгаа. Бүх сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд хүрч ажилласан. Тэдэндээ мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн. Яг өнөөдрийн бодит нөхцөл байдалд сумын ИТХ зардал мөнгө бага, бичиг хэргийн болоод урсгал зардал багатай, үйл ажиллагааны хүрээ хумигдмал, тавилга эд хогшлоос эхлээд хүндрэлтэй асуудлууд байгаа. Энэ асуудлыг хоёр шаттайгаар шийдэхээр Засаг даргад санал өргөн барьсан. Техник тоног төхөөрөмж, өрөө албан тасалгааны хувьд яам дэмжлэг үзүүлэх, нөгөө талаас мөнгөгүйгээр хийх ажлууд бас байгаа. Иргэдийн санал хүсэлтийг аваад хөтөлбөр төсөл боловсруулаад, зөвхөн төсөл гэлтгүй олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой олон ажил байна. Энэ чиглэлд ахиц гарсан.

-39 төлөөлөгчтэй “ангийн дарга” олонх, цөөнхийн эрх ашгийг тэнцүү авч явах, миний, чиний нам гэлтгүй хандах талаар та өмнөх ярилцлагадаа тухайлж байсан. Энэ зарчим хэр голч байв даа. Амьдрал дээр асуудал өөр байх тал ч бий. Олонхын бяр үзүүлж байгаа талаар цөөнхийн зүгээс гомдол цухалздаг. Нөгөө талаас цөөнх төлөөлөгч нар хэр сахилга баттай байгаа талаар та юу хэлэх вэ?

-Энэ бол мөнхийн л яригдаж байдаг асуудал л даа. Миний хувьд олонхын хуралд ч  байсан, цөөнхийн хуралд ч байсан. Юмыг аль өнцгөөс нь харж ярина гэдгээсээ л шалтгаалж байгаа. Тухайн санал бодлоо илэрхийлж байгаа хувь хүний бодол янз янз байдаг.Миний хувьд анхнаасааолонхын бярыг үзүүлээд байхгүй аль болох оюун ухаанаа уралдуулсан дундын шийдвэрийг гаргаж, гаргасан шийдвэрээ хүндэтгэх чиглэд илүү анхаарч ажиллана, цөөнхийнхөө үгийг сонсоно гэж ярьж байсан.

Энэ жил таван удаагийн ИТХ хуралдлаа. Хуралдаанууд дээр цөөнхөд ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлээд, тэдний үгийг онсохгүй байх, тавьсан саналаар ньсанал хураахгүй байх ийм асуудал үйлдлийг гаргадаггүй. Аль болох цөөнхийн үгийг сонсохыг боддог. Хоёр зовлонтой асуудал байгаа. Бид ч бас цөөнх байхдаа ярьж байсан. Цөөнхийн нүдээр харах нэг өөр, олонхын нүдээр харах нэг өөр. Аливаа ИТХ-ын төлөөлөгчдийн хуралдааны өмнө намын бүлгүүд хуралдаж, тухайн хэлэлцэх гэж байгаа асуудлууд дээр зарчмын байр сууриа нэгтгэдэг. Энэ нэгтгэлийг бүлгийн дүгнэлт гэж үзэж,  бүлгийн дарга уншдаг. Бүлгийн дүгнэлтүүдийг харж байхад хоёр талтай асуудал байгаа.Үнэхээр цөөнх бүх зөв асуудлуудыг яривал нэг өөр л дөө. Олонх дандаа буруу асуудал яриад байна гэж байхгүй шүү дээ. Цөөнх дотор ч гэсэн бид нартай нэг баг болоод ажиллаж байгаа албан тушаалтнууд байгаа. Бид тэдэнд “Та нар зөвд нь зөв үнэлэлт өгөөд, бурууд нь бурууг нь хэлээд яваа. Хэт намын байр суурь баримтлаад, намын бүлгийн гэхээсээ илүү нэг хүний үзэл бодолд баригдаад явж болохгүй шүү, Засаг даргынхаа үйл ажиллагааны хөтөлбөр, өөрсдийн хийж хэрэгжүүлж байгаа ажлаа зөвийг нь дэмжээд бурууг нь буруу гээд яваарай” л гэдэг. Илт мушгисан, улс төржүүлсэн, харлуулах гэсэн асуудал, яриа гардаг. Хүний огт санаагүй юмуу, хүний бодоогүй юмыг боддог, тийм юм шиг нийгэмд харуулах гэдэг, микрофоны өмнө өөр болдог, жүжиг тоглодог хүмүүс ч байна.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид 11-үүлээ. МАН 9, АН 2 гэсэн харьцаатай. Өмнө нь ч гэсэн ийм л харьцаатай байсан. Тэр хоёр хүний нэг нь би байсан. Бид зарчмын саналаа хэлээд ажил хэрэг талаас нь ханддаг байсан. Бид энэ байгаа орчиндоо зохицож амьдрах ёстой.

ИТХ-ын хуралдаанаар асуудлыг хэлэлцэхдээ манай төлөөлөгч нарт хэлдэггүй гэсэн асуудал яригдсан. Тийм учраас бид аливаа арга хэмжээнд тоо баримттай, бодитой хандъя гэж боддог. Нийтдээ хэдэн удаа хуралдаж, хэдэн асуудал хэлэлцэв, хэдэн тогтоол гаргав, төлөөлөгч нарын ирц ямар байв, хэн хэдэн удаа оролцов гээд энэ бүхний хариуг гаргаж, хүмүүст бодитой хариуг гаргаж өгнө.Ажлын албандаа үүрэг өгсөн.

Цөөнхийн хоёр төлөөлөгчийг хурлын даргын зүгээс би хангалтгүй ажиллаж байгаа гэсэн үнэлэлт өгмөөр санагддаг. Хуралдаанд ирдэггүй. Бүх хуралдааны зарыг хүргэж байгаа. Хувь хүний хүндэтгэх шалтгаан, энд тэнд ажил гарах асуудал гардаг. Бидэнд ч тохиолдож байсан, би мэднэ. Тэрийгээ бидэнд урьдчилж хэлбэл бид бас ойлгоно. Төлөөлөгч нарыг байхгүй хойгуур асуудлыг хэлэлцлээ гэдэг бол зүгээр л улс төржсөн асуудал. Бүгд саналаа хэлж яриад л цөөнхийн төлөөлөгч нарыг байхгүй байсан ч бид хэлэлцэх асуудлаа хэлэлцээд асуудлаа шийдээд явна шүү дээ. Төрийн ажилд хүнээс нуугаад, зугтаагаад далд байдлаар хийх юм байхгүй. Төрийн ажил бол явдаг тодорхой дүрэм журам зарчимтай. Тэр дагуу л явна. Ямар нэгэн төрийн ажлын ойлголтгүй, дадлага туршлагагүй хүмүүс буруу ойлголт төрүүлэх гэж, бүхнийг харлуулах гэсэн байдлаар хандах нь улс төрч хүний соёлгүй байгаагийн шинж.

 

-Архангай аймгийн хөгжлийн үндсэн хөрс нь хөдөө аж ахуйн салбар. Үүнд тулгуурласан гарцуудыг хайх, аймагтаа бодлогоо зөв тодорхойлоод, санаачлаад, УИХ-ын гишүүдийн хүч, оролцоонд түшиглээд хийх, шийдэх аливаа ажил асуудлыг хурал бодлогоор дэмжих тухай та маш тодорхой ярьж байсан. Тэгэхээр ийм шийдвэрүүд гарсан байх. Харин хэрэгжилт нь ямар хэмжээнд яваа юм бол?

-Бүрэн эрхийн бүтэн жилийн төсвийн үйл ажиллагаа явууллаа. Бид урьд нь мөнгөтэй байсан, мөнгөгүй байсан талаар ярихгүй. Энэ асуудлыг ярих шаардлагагагүй, урагшаа харж ажиллах ёстой. Монгол улсын засгийн газар, Монгол ардын намын мөрийн хөтөлбөрт үйлдвэржилт 21-100 гэсэн хөтөлбөр багтсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд Архангай аймагт хийгдэх хөрөнгө оруулалт, үйлдвэрийн чиглэл, үйлдвэржилтийн зураглал гарсан. Улсын үйлдвэржилтийн зураглалаас гадна, орон нутгийнхаа төсвийн хөрөнгө оруулалт, төсөв бололцоондоо тулгуурлан ажил арга хэмжээг зохион байгуулах ёстой. Өмнөх дөрвөн жилд бид ярьж байсан зүйлээ хэрэгжүүлэх гэж зорьж байна.  Өмнө нь жилд арван хэдэн тэрбум төгрөг орж байхад нь бид “Ядахдаа ганц хөдөө аж ахуйн чиглэлийн боловсруулах үйлдвэр бариачээ” л гэж шүүмжилдэг байсан. Одоо бид энийгээ ажил болгох гэж зорьж байна.

Манай аймагт түрээсийн ажлын байрны өртөг өндөр, үүнээсээ болоод бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байдаг. Тиймээс бид түрээсийн төлбөрийн чадамж муутай иргэдээ хямд үнэтэй ажлын байраар хангах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрөө тухайн жилийнхээ хөрөнгө оруулалттай уяад явж байгаа. “Архангайд  үйлдвэрлэв” худалдааны төвийн нийт өртөг 2,8 сая төгрөгийн өртөгтэй. Үүний 1,8 сая төгрөгийг нь орон нутгийхаа төсвийн тодотголоороо шийдсэн. Энэ төв нь 2018 оны сүүлээр ашиглалтад орно.

Мах сүүний анхдугаар аян улсын хэмжээнд явж байгаа. Энэ ажлын хүрээнд хамгийн олон малтай, сүү цагаан идээ боловсруулдаг брэнд аймаг учир манай аймагруу төрийн бодлого дэмжлэг явна. Архангай аймгийн эдийн засгийг бүтээж ирсэн гол салбар бол ХАА-н салбар. Орчин үеийн технологийн дэвшилтэт халуун уураар ноосыг угааж, утаж боловсруулдаг ноос угаах үйлдвэрийг байгуулахаар шийдвэрлэн 600 сая төгрөгийг баталсан. 2018 онд багтаагаад ашиглалтад оруулах зорилго тавьсан. Манай аймагт жижиг дунд үйлдвэрлэл тэр тусмаа хөдөө аж ахуйн чиглэлийн, барилгын хөнгөн материалын чиглэлийн үйлдвэрүүд хөгжих боломж бий. Илэрц орц нь тогтоогдсон хүнд үйлдвэрүүд хөгжих боломж байхгүй. Тийм учраас мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чиглэлийн үйлдвэрлэл ашигтай. Бид иргэддээ сарын тогтмол орлого бий болгохыг л зорьж байна. 19 сумандаа 20 ширхэг арьс элдэх цехийг өгсөн . Орон нутгийн хөрөнгө оруулалтаа нэмүү өртөг шингэсэн жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд л зориулах зорилготой байна.

-Өмнө нь хоёулаа хэрэгждэггүй баахан хөтөлбөрүүд хурлаас батлагддаг талаар ярилцаж байсан. Та салбаруудын дэд хөтөлбөрөөс гадна аймаг томоохон хоёр, гурван хөтөлбөрийг төсөв хөрөнгөтэй нь шийдвэрлээд ажиллах хэрэгтэй, үүнд анхаарна гэж байсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хурлаас ямар дорвитой хөтөлбөрүүдийг гаргасан юм бол?

-Аймаг бол тодорхой бодлогын 3-4 хөтөлбөр, бичиг баримттай байх ёстой гэж боддог. Тэдгээр хөтөлбөрүүдээ харин хэрэгжүүлэх ёстой. Өнгөрсөн жил аймгийн ИТХ-ын хурлаар таван хөтөлбөр баталсан. Энэ таван хөтөлбөрийг л яс хэрэгжүүлэх нь зүйтэй. Боловсролын салбарт “Багшийн хөгжил” дэд хөтөлбөр, “Ирээдүй 1+1” хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөрүүдийн гарааны хөрөнгө болгож, бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд нэг сая төгрөгийг өгсөн. Энэ хөтөлбөрийн хэрэгжүүлэхэд наян хэдэн сая төгрөг зарцуулсан.  2018 оны төсөвт эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх 100 сая төгрөгийг төсөвлөөд байгаа. Сайн багшаас сайн шавь төрнө. Тиймээс багшийн хөгжил, багш нарыг чадавхжуулах сургалт, уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулна.

Ирээдүй 1+1 хөтөлбөр нь ирээдүйд ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхэд бүхэн нэг хичээлээр гүнзгийрч суралцсан, спортын аль нэгэн гүнзгийрсэн төрөл байх ёстой.

2020 он хүртэл Архангайчуудын Эрүүл мэндийн төлөө юу хийхийг тусгасан Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмж харьцангуй сайжирсан гэж бодож байна. Архангайгаас гаралтай их хурлын гишүүд эрүүл мэндийн салбарт маш том хөрөнгө оруулалтыг хийсэн.

Хамгийн сэтгэл зовоосон нийтлэг асуудал бол малын хулгай юм. Дэд бүтэц сайжрахын хэрээр нийгмийн сөрөг үр дагаврууд нэмэгддэг юм байна. Малын хулгайч 2-3 цагийн дотор өчнөөн олон км оргоод алга болдог, харилцаа холбоо сүлжээтэй болжээ. Бид бас ийм боллоо гээд хараад суухгүй хараа хяналтаа сайжруулах ёстой. Малын хулгайг зогсоох хөтөлбөрүүдийг санхүүлжилтээр дэмжих ёстой. Бид аймгийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд ч дэмждэг, улсын хэмжээнд ч дэмждэг. Энэ хүрээнд манай аймагт хоёр том асуудал байна. Нэг нь хийгдсэн, нөгөө нь хийгдэж байгаа. Тарнын гүүрний цахилгааны холболтыг хийж дууссан. Цагдаагийн байнгын пост ажиллаж байна. Нөгөө нь Өлзийт сумын Орхоны гүүр. Тэнд шинэ пост барих асуудлыг шийдсэн, 2018 онд хийнэ. Малын хулгайтай тэмцэх асуудлын хүрээнд бид нууцлалын шифертэй гарал үүслийн гэрчилгээг хэрэглэхээр бэлдсэн. Энэ асуудал ИТХ-ын хурлаар ороод нэг буцсан дахиад оруулна. Шифертэй гэрчилгээ 3% байна. Малчинд, хянаад гарын үсэг зураад явуулсан цагдаагийн ажилтанд, архивт. Ингээд бичигдсэн олон улсын гэрчилгээ хаана ч хүчинтэй. Ер нь цаашид бид олон төсөл хөтөлбөрийг батлах хүсэлгүй байгаа. Цаашдаа энэ хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээд явна. Чацаргана дэд хөтөлбөрийг сайн хэрэгжсэн байна гэж үзээд, энэ хөтөлбөрийг дуусгасан.

-Иргэдийн санаачилгыг дэмжиж, оролцоог хангах асуудалд хурлаас хэрхэн анхаарав ?

-Иргэдийн оролцоо гэдэг бол амин чухал асуудал. Иргэдийн оролцоо 2-3 янз байдаг.  Нэгдүгээрт хууль эрх зүйн орчны хүрээнд аймгийн ИТХ-аас гарах гэж байгаа шийдвэрүүдийн хүрээнд, Засаг даргаас гарч байгаа шийдвэрүүдийн хүрээнд тавьж байгаа санал, хүсэлт чухал. Харамсалтай нь иргэдийн оролцоо маш сул байдаг. Өөртөө тохиолдсон ганц нэг асуудлаар л ханддаг. Ерөнхий ажил хөөцөлдөх, ажилд оръё гэх асуудал бол иргэдийн оролцоо биш. Энэ асуудалд ийм хөрөнгө оруулалт хийчихмээр байна, ийм бодлого шийдвэр баталмаар байна гэх энэ мэт саналууд бол иргэдийн оролцоо. Иргэдийн оролцооны нэг том төлөөлөл нь багийн Иргэдийн нийтийн хурал юм. Аймгийн ИТХ УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй хамтран иргэдийн оролцоо санаачилгыг дэмжих ажлуудыг хийж эхлүүлсэн. Гишүүндээ үйлчилдэг “Архангайн жижиг дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн холбоо ТББ-ыг байгуулсан. Одоогоор 86 хүн гишүүнчлэлээр элсээд байна. Удирдах зөвлөлийн 9 гишүүнээ оролцуулаад 90 гаруй хүн болж байна. Энэ холбоо бол өөрсдийнхөө эрх ашгийн төлөө явж байгаа байгууллага юм. Үүнийг хурлаас 100 хувь дэмжин ажиллаж байна. УИХ-ын гишүүд 2018 онд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихээр хөрөнгө мөнгө төсөвлөөд байгаа. 2018 ондоо ИТХ-ын тэргүүлэгчид бүх 101 багтаа хүрч ажиллах төлөвлөгөөтэй байна.

- Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнийг тохиолдуулаад та бүхэн ямар ажлуудыг хийв?

-ИТХ-ын төлөөлөгч гэдэг хүн хэн юм бэ? Иргэдээ төлөөлнө гэж яг юу юм бэ? гэдгийг төлөөлөгч нартаа ойлгуулах ажлыг зохион байгуулсан. Тухайн төлөөлөгч өөрийн эрх, үүргээ мэдсэн үед энэ асуудал доод шатнаасаа сайжраад ирнэ. Ойн хүрээнд олон арга хэмжээг зохион байгууллаа. Жилд нэг хоёр удаа хуралдаад бусад үед нь нэгийгээ хаана яваагаа ч мэдэхгүй төлөөлөгчид ч байдаг. ИТХ-ын төлөөлөгчид хоорондоо уулзан сайн муугаа ярилцаад, нэг нэгнээсээ туршлага судлаад ирэхээр аяндаа ажлууд нь сайжирна. Нутгийн удирдлагын 25 жилийн ойг тохиолдуулдан анх удаа сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн дунд олон төрөлт спортын шилжин явах цомын тэмцээнийг явуулж, Өлзийт сум тэргүүлж, Эрдэнэбулган сум удаалсан. Дараа жил Өлзийт сум энэ тэмцээнийг зохион байгуулна.

Аймгийн ИТХ-ын хуралд 1-5 удаа сонгогдсон 278 төлөөлөгч байдаг. Эдгээр төлөөлөгчөөс дахин сонгогдсон нь 190, таван удаа сонгогдож байгаа хоёр төлөөлөгч байна. ИТХ-ын төлөөлөгч нараа шагнаж урамшуулах арга хэмжээг зохион байгуулсан.

-Хурлын байгууллага засаг захиргааны ажил руу оролцоод байдаг субъект биш ч зайлшгүй хамтарч байж, аймгийн бодлого хэрэгжилтийн түвшиндээ үр дүнд хүрч таараа. Нэгдмэл байх багийнхан буюу Засаг даргын санаачилга хэр байгаа вэ? Онцлог ч гэдэг юм уу?

-Бид нэг  намын хүмүүс. Нэг үзэл бодол,  нэг зорилготой. Тэр утгаараа хурал,Засаг дарга маш ойр байдаг. Бүх асуудлыг санал солилцон, зөвшилцдөг. Бас нэг мэргэжлийн хүмүүс. Архангай аймгийг хөдөө аж ахуйн жишиг аймаг болгочих юмсан гэсэн зорилготой яваа хүмүүс. Төрийн албанд олон жил ажилласан хүмүүсийн хувьд Хурлын дарга болоод Засаг даргын зааг ялгааг гаргаж явах ёстой. Хурал төрийн гүйцэтгэх үйл ажиллагаанд гүйж ороод, үйл ажиллагаа болгонд хамтраад байж болохгүй. Нутгийн удирдлагын байгууллага гэдэг бол өөрийн үндсэн үүрэгтэй. ИТХ Засаг даргаа сайн дэмжих ёстой. Засаг дарга сайн байхын тулд хуралтайгаа маш ойр байх ёстой. ИТХ-аас хоёр шийдвэр гаргадаг. Нэг нь Засаг даргад даалгасан шийдвэр, нөгөө нь том хурлаас хурлын тэргүүлэгчдэд даалгасан шийдвэр гардаг. Аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрийг дэмжих, хамтарч ажиллах л үүрэгтэй.

-Ярилцлагын төгсгөлд таны хэлж байсныг бас эргээд асуумаар байна л даа. Та чих зөөлөнтэй, болох, болохгүйг бөөрөнхийлөлгүй хэлчихдэг дарга байхыг хичээнэ гэж байсан. Бас хүн ёсны гэхээсээ илүү төр ёсны харилцааг чухалчилна гэж байсан даа. Энэ бодолдоо хэр нийцүүлж байна. Амьдралд бас бодлоос хэтийдэх тохиолдол байхыг үгүйсгэхгүй шүү дээ?

-Миний эмзэглэж явдаг нэг асуудал байдаг. Энэ бол монголын төр олон жилийн түүхтэй. Ярианы сэдвээс жаахан гажиж магадгүй юм. Иргэдэд хүрч байгаа мэдээллийг харж байхад монгол төрийн ажлыг үнэгүйдүүлэх, монгол төрийн албыг хог шаар мэт харагдуулах ийм сонирхол, ийм явуулга гадна дотны элдэв байгууллагын явуулгаар ямар нэгэн улс төрийн зорилготой явагдаад байна гэж би хардаг. Сонгууль болон жирийн үед ч ийм зүйл байдаг. Хүн бүр монгол төрийн албаруу ингэж байна уу гэвэл бас үгүй. Төрийн албан хаагч гэдэг хүн бол түмний дундаас сонгогдож гарсан, боловсрол чадамжтай хүн байх ёстой. Хэн нэгэн хүний алдаатай үйл ажиллагаанаас шалтгаалж, төрийн 70 гаруй мянган албан хаагчийг харлуулж болохгүй.

Мөн миний эмзэглэж явдаг бас нэг асуудал бол хаана л хамгийн адгийн муу юм гарч байна  тэр болгоныг л цахим ертөнцөд сурталчилж байгаа явдал. Ийм орчинд бидний үр хүүхэд өсч торниж байгаа нь эмзэглүүштэй.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

О.АМАРЗАЯА

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%