Аймгийн Боловсролын газраас 2014 хичээлийн жилд “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүй, технологи” сэдэвт шилдэг илтгэлийн уралдааныг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын дунд 3 үе шаттайгаар зохион байгуулжээ. Илтгэлийн эхний шатанд нийт 258 багш оролцсоноос II шатанд ерөнхий боловсролын сургуулиас 15, цэцэрлэгээс 4 нийт 19 илтгэл ирсэн байна.
Гуравдугаар шатанд Түмэнцогт сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Ц.Мөнхбадар, Наран сумын бүрэн дунд сургуулийн багш Н.Хонгорзул, 3 дугаар бүрэн дунд сургуулийн багш Г.Гэрэлцэцэг, 1 дүгээр бүрэн дунд сургуулийн багш Б.Дэлгэрцэцэг, 2 дугаар бүрэн дунд сургуулийн багш И.Гэрэлт-од, 4 дүгээр бүрэн дунд сургуулийн багш Д.Нарантуяа, 8-р цэцэрлэгийн багш нарын хамтарсан илтгэлүүд шалгарч эцсийн шатанд оржээ. Илтгэлийн уралдааны шүүгчээр аймгийн Нийтийн номын сангийн дарга М.Энэбиш, Боловсролын газрын мэргэжилтнүүд ажиллаж дүнг нэгтгэхэд 1 дүгээр бүрэн дунд сургуулийн багш Б.Дэлгэрцэцэг “Ахлах ангийн сурагчдыг мэтгэлцэх урлагаар хөгжүүлж төлөвшүүлэх нь” илтгэлээрээ тэргүүн байранд шалгарсан бол “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд газарзүйн сургалтын хэрэглэгдэхүүний ач холбогдол” илтгэлээр Наран сумын бүрэн дунд сургуулийн багш Н.Хонгорзул, “Экскурсээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх технологи, арга зүй” илтгэлээр Түмэнцогт сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Ц.Мөнхбадар нар 2, 3 дугаар байрыг эзэлсэн байна. Боловсролын газраас сургууль, цэцэрлэгүүд нэгдүгээр шатны шалгаруулалтыг чанартай сайн зохион байгуулж, багш нараа бүрэн хамруулсанд талархал илэрхийлээд багш бүр идэвхтэй оролцож, өөрийн гэсэн арга, технологийг гаргаж ирэхийг зорьсон болон цэцэрлэгийн багш нар анх удаагаа оролцон, илтгэл бичих багшийн тоо нэмэгдэж, бичвэрийн стандарт болон илтгэл бичих арга зүй, илтгэх ур чадвар, судалгаан дээр ажиллах арга барил зэрэгт жилээс жилд ахиц гарч буйг онцлон тэмдэглэсэн юм.
