2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр аймгийн ИТХ-ын даргаар батлуулсан удирдамжийн хүрээнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сүм, хийд, цуглаануудад ИТХ-н ажлын алба, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэстэй хамтарсан шалгалтыг 2018 оны 10 дугаар сарын 22-29-ны хугацаанд хийлээ.
Хамтарсан шалгалтын хүрээнд нийт уламжлалт шашны 3 хийд, уламжлалт бус шашны буюу христийн 1 сүм, 3 цуглаан хамрагдсан ба тэдгээрийн нэр хаяг, урсгал чиглэл, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байгаа эсэх, харъяа байгууллага, удирдах албан тушаалтан, ажиллагсадын тоо, санхүүжилт, сүсэг бишрэлтний тоо, харилцаатай бусад байгууллага, үйл ажиллагаагаа хэзээнээс явуулж эхэлсэн зэрэг холбогдох мэдээллүүдийг гаргуулан авсан.
Сүхбаатар аймгийн хэмжээнд уламжлалт шашны чиглэлээр нийт-14, уламжлалт бус /сүм, цуглаан/ шашны чиглэлээр нийт-9 байгууллага, иргэд үйл ажиллагаа явуулж байгаа.
Шашны байгууллагуудад илэрч байгаа нийтлэг зөрчил нь үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлгүй, хөрөнгө санхүүжилтын хувьд тодорхой бус, холбогдох хууль эрх зүйн мэдлэг байхгүй, нөгөө талаар тэдгээрт хяналт тавих эрх бүхий төрийн байгууллагын хараа хяналт, хуулийн хэрэгжилт сул байгаа нь ажиглагдаж байна. Цаашид шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сүм, хийд, иргэдэд хууль, журмын хэрэгжилтийг хангуулах, тусгай зөвшөөрөл өгөх арга замыг тодорхой болгож хууль хяналтын байгууллагууд тогтмол хяналт тавьж ажиллах нь зүйтэй.
