Япон улсаас монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Масато Такаока Сүхбаатар аймагт айлчиллаа. Айлчлалын үеэр аймгийн ИТХ-ын дарга болон аймгийн Засаг даргын орлогч болон холбогдох албаны хэлтсийн дарга, мэргэжилтнүүд угтан авч аймаг орны өнөөгийн байдал болон цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллах талаар ярилцлаа.Тэрээр Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламж өвсний үндэс хөтөлбөрийн хэрэгжилт өмнөх онуудад амжилттай хэрэгжсэнд талархал илэрхийлж цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болсондоо таатай байгаа талаар дурьдлаа. Өвсний үндэс хөтөлбөр нь 1998 оноос хойш манай аймагт тасралтгүй хэрэгжиж байгаа бөгөөд эмнэлэгийн барилга, засвар, үйлчилгээ, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт худаг гаргах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэргэжлийн сургалтанд хамруулах, эмэгтэйчүүдийг чадавхижуулах мэргэжлийн сургалтанд хамруулах, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх зэрэг тусламжийг үзүүлсэн билээ. Айлчлалын үеэр Эрдэнэмандал хийд, Угсаатны зүйн музей, Цайрт минерал ХХК-ны үйл ажиллагаатай танилцаж нөхөрсөг уулзалт хийсний сацуу төлийн дуу цангинах өрнүүн ажилд бэлтгэж буй малчны хотонд зочилж их ажил ярилцсан таатай айлчлалын хүрээнд энэ онд Түмэнцогт сумын цэцэрлэг 200 сая төгрөгний засвар хийгдэхээр болжээ.
