Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ТАЛААР СҮХБААТАР АЙМГИЙН СУМДАД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ.

2019-06-28

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар иргэд, сонгогчдод мэдээлэл өгөх, тэдний санал бодлыг сонсох, хэлэлцүүлэг өрнүүлэх  зорилгоор УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн сайд Ч. Улаан болон ХХААХҮ-ийн сайдын зөвлөх Р.Жадамбаагаар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймгийн сумдуудад 2019 оны 06-р сарын 22-26-ны өдрүүдэд  ажиллав.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцүүлэгт   төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд оролцож  Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар асууж, тодруулж,  санал бодлоо илэрхийлсэн юм. Өмнө нь мөн хэлэлцүүлгийг  2017 онд зохион байгуулсан бөгөөд энэ хугацаанд сумдад байгуулсан ажлын хэсгүүд, сургагч багш нар чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаж байсан юм. Энэ талаараа сумдын ажлын хэсэг хэлэлцүүлгийн явцад дүгнэлт мэдээллүүдээ иргэдэд танилцуулж байлаа. "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай " тогтоолын дагуу   УИХ-аас 12 хүний бүрэлдэхүүнтэй  ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга сумдад бүх   сумдаас төлөөлөл оролцуулан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Монгол Улсын Их хурлын Тамгын газрын Байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Л. Лхагвасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг уг хэлэлцүүлгийг 2017 оны 08 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Баруун-Урт, Дарьганга сумдад зохион байгуулж 13 сумдаас 254 төрийн албан хаагчид , иргэдийг сургагч багшаар бэлтгэсэн ба хуулийн төслийн хэлэлцүүлэгт нийт 275 иргэд төрийн албан хаагчид оролцож, санал бодлоо илэрхийлсэн. Сургагч багш нар нь баг бүрт сургалт, хэлэлцүүлэг, санал авах ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй ажиллаж, тус аймагт 5000 ширхэг саналын  хуудас, 800 ширхэг гарын авлага, 357 ширхэг төслийн танилцуулга ном хувиарлагдсаныг орон нутаг дахь төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд түгээсэн юм.
    Сүхбаатар аймгийн хэмжээнд санал асуулга хэлэлцүүлэгт 5386 иргэн оролцож, 5094 ширхэг саналын хуудас бөглөгдөж Улсын Их хурлын тамгын газарт хүргүүлсэн билээ. Сумдад ажиллах хэлэлцүүлгийн явцад иргэдээс асуусан асуултийн гол нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт хийх үндэслэл шаардлага нь юу юм бэ? Эрдэмтэн, судлаачид хэр зэрэг судалсан юм бол ? Үүнээс ард иргэдийн нуруун дээр хүндрэл хохирол учрах тохиолдолд эцсийн хариуцлагыг хэн хүлээх юм вэ? гэсэн асуултуудыг асууж  байсан учраас энэ талын мэдээллийг товч боловч та бүхэндээ  хүргэж байна.
          Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн
                                     тухай товч мэдээлэл
    Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдан мөрдөгдөснөөс хойш 27 жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улсын төрийн байгууллыг шинээр төвхнүүлж, хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэх ажлыг шат дараатай хийсний дагуу улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд зарчмын шинэтгэлүүд хийгджээ.
    Төрийн байгууллыг шинээр эмхлэн байгуулах, хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх явцад төрийн институци хоорондын харилцааны болон Улсын Их Хурлын  үйл ажиллагааны практикт тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор  2000 онд Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулсан ч тэдгээрийн зарим нь төрийн эрх мэдэл хоорондын хяналт-тэмцлийг хангахад сөрөг үр дагавар авчирсан тухай эрдэмтэн судлаачид, олон түмний зүгээс шүүмжлэл хүлээсэн байдаг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэн тухай хууль тогтоогчид төдийгүй хуульч, эрдэмтэн судлаач, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн дунд байнга яригдаж, зарим иргэн, иргэний нийгмийн байгууллагаас Үндсэн хуулийн шинэ төслийг боловсруулж Улсын Их Хуралд хүргүүлж байсныг үе үеийн Улсын Их Хурал анхааралдаа авч, 2011, 2012 онуудад Улсын Их Хурлын зарим гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачилж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байв. 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Улсын Их Хурлын даргыг 27 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж, 2015 онд Улсын Их Хурлын даргын 08 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьсан ч тухайн үеийн Улсын Их Хурал бүрэн эрхийн хугацаандаа хэлэлцэн баталж амжаагүй байна. 2016 онд Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг судлах зорилгоор эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн судалгааны үр дүнд Үндсэн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ. Тус ажлын хэсгээс шаардлагатай гэж үзсэн асуудлаар үндэслэл, тайлбар бүхий 46 заалттай тайлан, санал дүгнэлт гаргасан байна. Зөвлөлдөн санал асуулгын тухай хуулийн дагуу Улсын Их хурлын 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах Зөвлөлдөх зөвлөл байгуулж, 6 багц асуудлаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж, түүнээс 5 багц асуудал нь зөвлөлдөх санал асуулгаар дэмжигдсэн байна. 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын даргын 78 дугаар захирамжаар Үндсэн хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулав. Тус ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хүрээнд Зөвлөлдөх санал асуулгаар дэмжигдсэн 5 багц асуудлаар 22 заалт бүхий төсөл боловсруулсан байна. Уг төслийн талаархи иргэдийн саналыг харгалзах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Монгол Улсын Их Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02 –ны өдрийн 39 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах үүрэг бүхий ажлын хэсэг , 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Улсын Их Хурлын даргын 107-р захирамжаар олон нийтийн санал авах хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг тус, тус байгуулж ажиллуулав. Үүний дагуу Улсын Их Хурлын Тамгын газар 2017 оны 7 дугаар сараас 12-р сард 21 аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 66 удаагийн бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, улсын хэмжээнд нийт 327375 иргэнээс 5584832 нэгж санал хүлээн авч, бүртгэх, нэгтгэх, нэгтгэж ангилах ажлыг зохион байгуулж, үр дүнгийн талаарх танилцуулгыг бэлтгэж, нийтэд мэдээлж, УИХ-ын албан ёсны цахим хуудаст байршуулсан юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Үндсэн хуулиар тунхагласан ардчилсан тогтолцооны ололтыг улам бататган, парламент ёсны уламжлалыг хадгалан, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын хүрээнд  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нийцүүлэн төрийн эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах замаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзсэн.  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсэг төслийн хэрэгцээ, шаардлагын тандалт судалгаа, зөвлөлдөх санал асуулгын үр дүн, Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмж, олон нийтийн хэлэлцүүлгийн дүн, эрдэм шинжилгээний хурлууд, эрдэмтдийн санал, дүн шинжилгээ, харьцуулсан судалгаа зэрэгт дурьдсан дүгнэлт , санал, зөвлөмжийг харгалзан үзсэний үндсэн дээр доор дурьдсан дөрвөн багц асуудлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан байна.Үүнд :
1.    Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой ннэмэлт, өөрчлөлт
2.    Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт
3.    Шүүх эрх мэдлийн хариуцлаг, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт
4.    Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт , өөрчлөлт
    Энэхүү дөрвөн багц асуудлын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нийцүүлэн, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн бүтэц, зарчмыг хөндөлгүйгээр 20 зүйлийг хамарсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан юм байна.  

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%