Аймгийн ИТХ-ын дарга, Жавхлант шарга уяачдын холбооны Тэргүүлэгч Б. Мөнхбат Уулбаян сумын Баян багийн уяач Б. Дорждэрэмд Монголын Морин спорт, уяачдын холбооноос ирүүлсэн “ Шилдэг залуу уяач” цол тэмдгийг тус, тус гардуулав.
Монгол нутагт маань уяачид хурдан морьдоо барьж наадамдаа бэлтгэх энэ торгон агшинд Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга иргэдэд шагнал гардуулж, тэдний нэг болох “Шилдэг залуу уяач”-цол тэмдгээр шагнагдсан Уулбаян сумын Баян багийн уяач Б. Дорждэрэмтэй хийсэн ярилцлагыг толилуулж байна.
Асуулт : “Шилдэг залуу уяач”-цолоор шагнагдсан танд баяр хүргэе. Удахгүй баяр наадам болох гэж байна. Та ямар насны хэдэн морь уяж байна вэ?
Б. Дорждэрэм : Манайх 6 насны морь уяж байна. Энэ жил зунжлага сайхан байгаа учраас олон морьд барьж, уяа өтгөн сайхан байна аа.
Асуулт: Таны уясан морьд аймаг, бүс , суманд хэрхэн хурдлав?
Б. Дорждэрэм : 2019 онд Говьсүмбэр аймагт болсон Төвийн бүсийн наадамд миний уясан Их насанд “ Ягаан бор морь” маань түрүүлсэн. Мөн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын түүхт 95 жилийн ойгоор Их нас, Соёолон, Хязаалан 3 нас уралдуулж бүгд 2-р байр /аман хүзүү/ -д орсон. Өөр наадмуудад хэд, хэдэн айраг бий.
Асуулт : Та морь уяах эрдэмд хэдий үеэс суралцаж эхлэв, Таны дээдэсд уяач улс байсан уу?
Б. Дорждэрэм : Миний 2 өвөө Уулбаян сумандаа нэртэй сайн уяачид байсан. Миний аав ч нутаг орондоо уяач хүн. Миний хувьд өвөө, аав нарынхаа дэргэд” Уяач “гэж ярихаар нэг л чамлалтай санагдаад байдаг юм. Энэ монгол арга ухаан, морь уяж хурдлуулах үнэт өв соёлыг дээдэс настангуудаасаа суралцаж яваа болохоор тэднээрээ их л бахархаж явдаг даа. Энэ бол Монгол хүн бүрийн бахархал байх. Морь гэдэг монгол хүний сэтгэлийн сүлд хийморь юм шүү дээ.... Би хүүхэд бага наснаасаа л энэ хүмүүсийн хүмүүжлээр явж морь унах, эдлэх, уях эрдэмд суралцсан даа. Би яг бие даан 16 наснаасаа эхлэн морь уясан даа.
2015 онд “Сумын -Алдарт Уяач” цол авч байсан. Мөн 2019 онд “Аймгийн - Алдарт Уяач” гэсэн эрхэм сайхан цолонд хүрсэндээ баяртай байдаг.
Асуулт : Одоо үед Морь уяахад хүндрэлтэй асуудлууд юу байна вэ?
Б. Дорждэрэм : Монгол хүн морио уралдуулахаар гаргахад хүнтэй ам зөрдөггүй гэж дээдэс настангууд ярьдаг. Одоо бол эрлийз морь, монгол морь гээд хүмүүс хоорондоо маргалдах нь их болж. Эрлийз, монгол адуугаа ялгаж байж уралдуулмаар байна. Тиймээс уяачид өөрсдөө монгол наадамдаа эрлийз морь уралдуулахгүй байх нь зүйтэй юм.Ер нь ийм л хүндрэлтэй асуудал наадам дээр гарах болоод байгаа юм. Цаашдаа хаана хаанаа анхаарах байх аа...
Асуулт : Морь уяж байхад хамгийн чухал хариуцлагатай үе нь хэзээ байдаг вэ?
Б. Дорждэрэм : Ай даа морь уяж байхад ер нь нойр багасаад ирнэ шүү дээ. Нэн ялангуяа уралдахын урд шөнө морины гэдэс тааруулах буюу /хоол тааруулах гэж ярьдаг даа/ Энэ үед уяачид ер нь унтахгүй шүү. Энэ л уяач хүний гол хөдөлмөр, үр дүнг шалгаад байх шиг санагддаг чухал үе шүү дээ. Морь уяна гэдэг үнэхээр том эрдэм юм шүү дээ.
Асуулт : Таны амжилтыг харахад голдуу Их насны морь айрагдсан байх юм. Ингэхэд Их насны морьдын уяаны талаар сонирхуулна уу?
Б. Дорждэрэм : Их насны морь уяна гэдэг бол “Бүтэн жилийн хөдөлмөр” ордог гэж боддог. Их насны мордыг өвөл сайн эдэлчихвэл зун нь уяахад сайн юм шиг санагддаг. Морь уяахаасаа эдлэх нь илүү гэж дээдсүүд ярьдаг байсан. Тэрийг баримтлаад би морио өвөл сайн ундаг аа .
За таньд баярлалаа. Монголын уламжлалт хурдан морины уралдаанд авъяас билэг, хүч хөдөлмөрөө зориулан зүтгэж яваа таны уясан хүлгийн уяа сойлго нь таарч улам хурдлах болтугай. Зам цагаан сайхан наадаарай:
Ярилцсан : Д. Оюунцэцэг / Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн /
