Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

СҮХБААТАР АЙМГИЙГ “МОНГОЛ АДУУНЫ ӨВ СОЁЛЫН ТӨВ” БОЛГОХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЗАРИМ ЭХ СУРВАЛЖААС...

2020-06-23

         Аймгийн ИТХ-ын дарга Б. Мөнхбатын санаачлагын дагуу Сүхбаатар аймгийг  “Монгол адууны өв соёлын төв” болгох тухай 2018 оны 10-р сарын 08-ны өдрийн 46-р тогтоол гарч, энэ шийдвэрийн дагуу ажлын хэсгийг  байгуулж ажилласан билээ. Ажлын хэсэг хэд, хэдэн удаа хуралдаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлгээр “Монгол адууны өв соёлын төв ” болгох асуудлыг тухай бүр хэлэлцэж, энэ талаар сонин хэвлэлүүдэд хэвлэгдэн гарч байсан юм.
       Цаашдаа бодлого, зохион байгуулалтын хувьд анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу гэсэн иргэдийн санал, уяачдын ярианаас сэдэвлэн  хэлэлцүүлгийн зарим эх сурвалжийн хэсгээс хүргэж байна.    
       Хэлэлцүүлгийн явцад маш чухал санал, санаачлагууд олон гарсан юм. Иймээс энэхүү хэлэлцүүлгийн явцаас уншигчдадаа сонирхуулахаар бэлтгэлээ.
     ...Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Б. Мөнхбат: Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Удахгүй 05 сарын 02-нд томоохон хэлэлцүүлэг болох гэж байгаа учраас түүнээс өмнө бүгдээрээ ерөнхий санаануудаа гаргаж авах хэрэгтэй байна. Үүнд хамгийн гол нь Сүхбаатар аймгийг “Монгол адууны өв соёлын төв” болгоно гэсэн ерөнхий санаа байгаа. Мөн эрлийз морины стандартыг өндөрсгөх , монгол адуутай хамт уралдуулахгүй байх талаар санал гарсан. Одоо хөрш зэргэлдээ Өвөр монголын Шилийн гол аймагт Монгол морины цирктэй, Улиастай, Шилийн гол аймгуудад уяачдын холбоо гэж байгуулаад сүүлийн үед их эрчимтэй ажиллаж, олон уралдаанууд болж байна. Улсын хэмжээнд манай аймаг хурдан адууны зах зээлийн ихэнх хувийг эзэлж байгаа болохоор аймгаа “ Монгол  адууны өв соёлын төв ” болгочих юм бол адууны зах зээл ч гэсэн илүү их тэлэх боломжтой болох юм. Үүний хамгийн гол ач холбогдол нь монгол адуугаа хамгаалах гэсэн том агуулгатай. Тиймээс аймгийн хэмжээнд яаж дэмжих вэ? гэдэг асуудлыг өнөөдөр бүгдээрээ ярилцах хэрэгтэй байна. Мөн залуу адуучдыг дэмжих, сургах, бэлтгэх зорилгоор сум бүр адуучин тэмцээнийг зохион байгуулдаг болгох хэрэгтэй. Хил орчмын 1000 адууны баяр, гэрэл зурагчдын  зургийн үзэсгэлэн гаргах зэрэг нэгдсэн арга хэмжээг зохион байгуулъя. Адууныхаа зах зээлийг хамгаалсан цогц бодлоготой байя гэсэн үүднээс энэ санааг гаргаж байгаа юм. Та бүхэн нэгдсэн ойлголттой болоод 05 сарын 02-нд бүх мэргэжлийн байгууллагуудыг оролцуулаад өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулж , түүнээсээ дэд хөтөлбөр гаргадаг ч юм уу, тэгээд явчих хэрэгтэй байна. Би уяачдаас санал авсан. Эрлийз адуунд эрсдэл их байдаг. Тэр их хурдтай адуунаас хүүхэд унахад бэртэлт ихтэй байдаг юм байна. Мөн эрлийз адуунаас гарч байгаа   өвчлөлүүдээс адуугаа яаж хамгаалах вэ? гэх мэтчилэн асуудлуудыг ярьж байгаа .Манай аймгаас их хэмжээний хадлан бэлдэж орон даяар тарааж байна. Энэ нь эргээд байгалдаа ямар сөрөг үр нөлөө үзүүлэх вэ? Эдгээр асуудлуудаас яаж хамгаалах талаар ярих гэж та бүгдийг цуглуулсан. Ерөнхий сайд бидний хийх гэж буй ажлыг дэмжинэ гэдгээ  илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн Ч. Улаан болон нутгийн биенесменүүд бусад хүмүүс ч дэмжиж ажиллахаа илэрхийлээд байгаа. Тиймээс та бүхэн энэ тал дээр өөр ямар санал байна. Түүнийгээ хэлэх хэрэгтэй. Урилга тараагдана. Аймаг орон нутгаас ямар хүмүүсийг урьвал зүгээр байна. Та нар санаагаа хэлэх хэрэгтэй...

    н. Эрдэнэбилэг: Үндэсний Их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулана гээд УИХ-ын гишүүн Т. Амарсайхан Х. Борчулуун нар хуулийн төслийг санаачлаад явж байна. Тэдний гол санаа нь эрлийз адууг дэмжиж уралдуулах зорилготой. Тэгээд эрлийз адуугаа сэрвээний өндрөөр нь хэмжиж ялгана гэж байгаа юм. Үүлдрээр нь биш зөвхөн сэрвээний өндрөөр ялгаж уралдуулахаар ярьж байна. Шударга өрсөлдөх гэж байгаа бол нэг үүлдрийн адуунууд хоорондоо уралдаж байж л шударга болно. Түүнээс биш эрлийз адуу, монгол адуу хоёрыг хамт уралдуулах юм бол шударга бус явдал болно. Эрлийз адуу 55-60 км цагийн хурдтай явдаг. Харин монгол адуу 40-50  км цагийн хурдтай явна.Энэ хоёрын дунд бүхэл бүтэн 10 миллийн зөрөө гарч байгаа юм. Тэгээд ч бас эрлийз адуунаас хүүхэд унахад эрсдэл ихтэй байдаг. Харин монгол адуунаас хүүхэд унахад бэртэх эрсдэл нь бага байдаг. Эрлийз Монголыг хамтад нь уралдуулаад байх юм бол улсын наадамд  манай аймгаас морь очиж уралдах ямар ч боломжгүй болно. Монгол адуутай адил сэрвээний өндөртэй эрлийз адуу их олон болчихсон учраас манай аймгийнхан очиж уралдаад ямар ч нэмэргүй. Мөн түүнээс гадна бас нэг том асуудал бол эрлийз адууг дагаад баахан эрсдэлүүд гарч байгаа явдал юм. Жишээ нь : Хүүхдийн байгууллагаас” эрлийз адууг хүүхэд унаж болохгүй” гэдэг санаачлага гарч байна. Эрлийз адуу уралдахад л хурдан болохоос биш өөр ямар ч ашиг шим гэж байдаггүй. Сүүлийн үед зарим нэг хүмүүс “Хурдан монгол адуу байхгүй болно” махны адуу л үлдэнэ гэж ярьж байна. Тэд бол өөрсдөө эрлийз адуу тэжээдэг хүмүүс. Өнгөрсөн жил өвс олох гэж яаж ядарч байсан билээ. Тиймээс бид монгол адууныхаа сайн чанарыг гайхуулах юм хийх хэрэгтэй. Өнөөгийн байдлаар цэвэр монгол уралдааны адуу их ховор болж байна. Овооны наадамд ч монгол адуугаараа уралдах хэцүү болсон байна. Яг ийм үед энэ асуудал бол цаг үеэ олсон, монгол адуугаа хамгаалж авч үлдэх гэсэн сайхан санаа байна.  

н.Баттөр : Ер нь энэ ганц адуу яриад байна гэж ойлгож болохгүй, бүхэл зүйл байгалийнхаа зүй тогтлоор холбоотой байдаг. Ж нь өвс их хадаж байгаагаас болж зээрийн сүрэг байхгүй болж байна. Үүнийг дагаад чоно ч алга болж байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байна.
н.Эрдэнэбилэг: Өвсний талаар ярьж байгаатай холбогдуулан сүүлийн үед хүмүүс адууны хамгийн их иддэг нарийн өвсийг шивээ гарахаас нь өмнө хадаад авчихдаг. Шивээ гэдэг чинь дараа жил ургах үр байгаа юм. Шивээ гарахаас нь өмнө хадчихлаар дараа жил нь нөгөө нарийн өвс гарахгуй ургахгуй байна. Эрлийз адуу дан тэжээлээр явж байгаа. Гэтэл монгол адуу бэлчээрээр явж өөрөө хоолоо олж иддэг. Хөрөнгө мөнгө чадалтай хүмүүс нь өвс тэжээлээ худалдаж аваад малаа тэжээж байна. Үүнийг бодлогоор хорихгүй бол бүгд малаа тэжээх шаардлагтай болно. Бэлчээрийн хүрэлцээ ямар байгаа билээ энэ талаар бодолцож үзмээр л байгаа юм. Мөн энэ эрлийз адууг дагаж янз бүрийн өвчлөл бий болж байна. Сая манай хээлтэй гүүнүүд гэдсэн доогуураа хавдаад үхэж байна. Энэ ямар өвчин юм бүү мэд би лав ийм өвчин мэдэхгүй юм.
Б.Мөнхбат: Ер нь эрлийз малыг  дагаж эрсдэл их байгаа. Одоо өвс байхгүй болж байгаа болохоор нөгөө газрын чийг нь байхгүй болоод ноднин их олон зээр үхсэн. Ингээд бодохлоор байгаль экологид ч  гэсэн  сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ бодлыг иргэддээ ойлгуулж монгол адуугаа хадгалж үлдэх зүйтэй гэж бодож байна.
Н.Баттөр: Хадлан тэжээлийг хадахдаа зөвхөн өөрийн аймгийн хүмүүсээр хадуулж баймаар байна. Тэгэхгүй болохоор хаа хамаагүй хүмүүс ирж том том техник оруулж хайр найргүй хадаж байна. Нутгийн хүмүүс бид нар хадвал арай л хайрлаж авна биз дээ.
Б.Мөнхбат: Үүнийг цэгцлэхгүйл бол болохгүй нь ээ. Ноднин жил 100 гаруй хадлан гарсан гэсэн. Тиймээс энэ болгонд зохицуулалт хийе гэж бодож байна. Дандаа хорисон зүйл  гаргаж болохгүй л байх л даа. Улсын хэмжээнд  хурдан морины уралдааны талаар нэгдсэн бодлого гарч өгөхгүй байна. Гэнэт л уралдах болчихдог. Хэрвээ аймгуудад намар 10 сарын 01 -с хавар 05 сарын 01 хүртэл хурдан морь уралдахгуй гэсэн хатуу шийдвэр гаргачихвал хаа хаанаа амар болох юм. Гэнэт л яах нь мэдэгдэхгүй байж байгаад уралдана гэж зарлаад уяачид яваад очихлоор орой нь уралдахгуй гэсэн шийдвэр гарчихдаг. Тиймээс энэ бүхнийг цэгцлээд нэгдсэн шийдвэрт хүрэх хэрэгтэй.
Р.Мөнхтөр: Манай аймаг бусад аймгаас ялгарах ганц л юм байдаг юм билээ.  Тэр нь юу вэ гэхээр дан ганц бэлчээрийн мал аж ахуйнхаа ашиг шимээр амьдардаг. Бусад аймгууд бол олон талын баялагтай мод, чулуу, рашаан, ус элбэг. Жимс ногоо ан амьтан ихтэй учраас амьдрал ахуй нь өөр байдаг юм билээ.

...Би хойт нутгийн нилээд олон малчидтай нөхөрлөж явлаа. Харин манай аймгийн хувьд энэ хэдэн адуу, бэлчээр, хужир шүү гэдэг чинь биднийг тэжээж бусдын доор орохооргүйгээр амьдруулж байна.  Бид хурдан адуугаа зараад эдийн засагтаа ихээхэн хувь нэмэр оруулж байгаа. Аймаг орон нутгийн удирдлагууд маань малчидаа дэмжиж, аль болох нэг ч гэсэн бүсийн наадмын түрүү авахуулчих юмсан гэж бодож явдагт нь баярладаг. Би малчин хүн хэдэн адууныхаа буянд л амьдрал маань гайгүй явж байна.  Сүүлийн үед эдийн засгийн хямралаас болж бусад малын маань үнэ ханш буурсан. Өнөөдөр ИТХ-ын даргын гаргасан санаачлагаар монгол адуугаа хайрлаж, хамгаалах төвтэй болох гэж байгаа нь үнэхээр сайхан байна. Дарьганга нутгийг Мэнд-Ооёо гуай их гоё хэлсэн байна лээ. Дарьганга гар урлал, Дарьганга хөөмий, Дарьганга эдлэл гэдэг яагаад ийм гайхамшигтай байна гэхээр түүнийг бий болгосон ард түмэн нь арай өөр ухаантай хүмүүс байгаа болохоор л тэр гэж хэлсэн байна лээ. Энэ сайхан өв уламжлалаа залуу дарга, удирдлагууд та бүхэн маань дэмжиж, цааш нь авч явахгүй бол өөр хэн авч явах билээ гэж хэлэх байна.
Ч.АЛТАННАВЧ: Миний хувьд арван жилийн 3-р сургуулийн захирлын албыг хашдаг. Энэ хэлэлцүүлэгт би “Жавхлант шарга-1994” клубыг төлөөлж оролцож байна. Монголчууд бид морио төрийн сүлдэндээ дээдлэн залсан сайхан ард түмэн. Морьгүйгээр бидний амьдрал төсөөлөгдөхгүй. Хурдан морины их ажлын ард эмэгтэй хүмүүс л байж байдаг. Тэгэхээр дэд хөтөлбөртэй болох нь зүйтэй гэж хэлмээр байна. Түүнийгээ хийхийн тулд судалгаа шинжилгээ их хийх хэрэгтэй. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх баг юм уу, ажлын хэсэг байгуулаад, аймгаа судлах, түүн дээрээ үндэслэж хөтөлбөр гаргаад цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдгээ шийдээд явах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн аймгийн иргэдийн хандлага ямар байна гэдэг талаар судалгааг сайн авах хэрэгтэй.  Манай аймгийн хэмжээнд адуутай холбоотой дуу, бүжиг, шүлэг хэд байна гэдгийг тоог нь гаргах хэрэгтэй. Хөшөө дурсгал соёлын өв болгож бүтээсэн юм байвал тэр болгоныг мөнгөн дүнгээр нь гаргаж ярих, харин адууны угшил талаас нь Мөнхтөр ах болон бусад уяачид гаргаж ирэх хэрэгтэй байна. Хүүхдийн байгууллага хүүхэд хамгаалах талаас яриад байдаг. Гэтэл хуучин цагт морио унаад, осол авааргүй болоод байдаг л байсан. Сүүлийн үед малаа машин мотоциклоор хариулдаг болсноос хойш хүүхдүүд мориноосоо их хөндийрч, морь унадаг хүүхэд байхгүй болох нээ. Хүүхдийн хамгаалалтыг уяачид хариуцаад, хариуцлага хүлээдэг бол хүүхдээр морь унуулахад болохгүй юм байхгүй гэж боддог. Мөн манай аймаг өөрийн гэсэн гоё лого хийлгээд бэлэг дурсгалын зүйл дээр тавьдаг болох хэрэгтэй. Сүхбаатарын адуугаараа бахархах юм байвал зүгээр юм шиг санагддаг. Тэгээд миний хувьд судалгаа шинжилгээний ч юм уу?, аль нэг ажлыг нь клубынхантайгаа хамтраад хийхэд бэлэн байна.  Гадаадаас оруулж ирсэн үүлдэр угсааны адуу өмнө нь 1500 орчим байна гэж байсан. Түүний бүр нарийвчилсан тоог гаргах хэрэгтэй байх. Уяачдын хувьд тэр эрлийз адуугаараа хаанаа уралдах нь тэдний л асуудал. Харин манай аймагт эрлийз адуу уралдуулахгүй гэдэг хатуу бодлого бариад явах нь зүйтэй гэж би бодож байна. Сүхбаатар сум гэхэд л адуугаараа хөшөө хийгээд тавих хэрэгтэй байгаа юм.
Б.МӨНХБАТ: Судалгааны ажлууд хийнэ гэдэг маш зөв санаа байна.
Н.БАТТӨР: Хөшөө барих юм бол Улс халзан, Магнай халиун хоёр зайлшгүй байх ёстой. Аль эрт зарагдсан ч, улсад нэр алдараа дуурсгаад, эрлийз адуутай уралдсан ч дийлээд байгаа хоёр буян ш дээ.
Аймгийн ИТХ мэргэжилтэн Ц.Нарантуяа :  Хурлын даргын зүгээс бодлого болгож оруулж ирсэн зүйлийг тэргүүлэгчдийн хурлаар оруулж батлуулах учраас түүнийг хууль эрх зүйн талаас нь болон судалгаа шинжилгээ хийх учраас намайг энэ хуралд оруулсан гэж ойлгож байна. Тэгээд 05 сарын 02 нд хоёр дахь хэлэлцүүлэг болно. Түүнээс өмнө ажлын хэсэг байгуулагдаад Ч.Алтаннавчийн хэлснээр судалгаа шинжилгээ хийгдэж, эцэст нь батлагдаж гарах ёстой. Тиймээс та бүхнийг манай ажлын хэсэгт ямар санаа оноо байгаагаа өгөөрэй гэж хүсч байна.
Ч.Алтаннавч : Ерөнхий боловсролын сургуулиудын дуу хөгжмийн хичээл дээр хүүхэд болгонд Дарьганга марзайг зааж сургахаар хөтөлбөрт нь тусгаад өгчих юм бол ямар ч мөнгө төгрөг шаардахгүйгээр хүүхдүүдэд энэ нандин соёлын өвийг сургаж, цааш нь уламжлуулах боломжтой. Марзай гийнгоог хэлдэг хүн маш ховор болсон. Үг ая нь хүртэл өөр болсон байгаа юм. Энэ тал дээр соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Урансайхан судлаад оруулаад ирэх юм бол бага ангийн хүүхдүүд дор нь л сурчихна.
Н.Эрдэнэбилэг:  Бид эрлийз адуутай уралдахад айгаад байх юм байхгүйл дээ. Гэхдээ сэрвээний өндрөөр ялгаад уралдах юм бол эрлийз адуунууд ялгахын аргагүй болсон учраас гурав, дөрвөн зуун адуу уралдах болчихно. Тэнд л нөгөө жинхэнэ эрсдэл чинь гарна. Яагаад гэхлээр эрлийз адуу хурд ихтэй, давхиж яваад таварцаглаад ойчихдоо биеэ татаж авч дийлэхгүй, тэр чигтээ ойчдог. Түүний араас явсан морьд бүгд давхарлаад ойчдог . Гэтэл монгол адуу бол арай хурд багатай. Тэгээд ч ойрхон зайд биеэ татаж авах чадвар сайтай байдаг юм. Тийм учраас энэ эрсдэлээс хамгаалахын тулд л энэ асуудлыг яриад байгаа юм. Эрлийз адуу унахдаа заавал хүүхдээ дарж унадаг. Гэтэл монгол адуу тонгорцоглож, хүүхдээ хамгаалж унадаг юм.
Т.Мөнхболд: Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Сүхбаатар аймгийг “Монгол адууны өв соёлын төв”  болгоно гэсэн энэ сайхан уриалгыг гаргаж байгаад баяртайгаар хүлээж авч байна. Бид бүгд л энэ нутагт төрж өссөн хүмүүс. Нутаг усныхаа адуу малыг унаж, хариулж өссөн учраас адууныхаа өв соёлыг хамгаалах талаар ийм санаачлага гаргаж байгаа нь үнэхээр зөв зүйтэй. Тиймээс аймаг орон нутгийн зүгээс болон тэргүүлэгчдийн зүгээс дэмжиж ажиллах болно. Манай аймгаас Ч.Улааны Аварга зээрд, Д.Ононгийн хээр, Магнай халиун азарга гэх мэтчилэн олон сайхан хурдан буян төрсөн байдаг. Одоо хийх гэж байгаа хөшөө дурсгалыг хийхдээ нэг журам баримтлахгүй бол болохгүйнь. Суурь нь тавигдчихаад байдаг. Гэтэл хүмүүс хөшөө хийхдээ нэг нь их том нөгөө нь жижиг хийгээд хөшөөний пропорц нь алдагдаад байна. Манай морь барианы газар дээр Нийгмийн хонгорын хөшөө байгаа. Түүнийг маш их аравнайлж тависан билээ. Түүн шиг морь барианы индэр дээр “Монгол адууны өв соёлын төв” гэсэн бичиг хийвэл ямар вэ гэсэн санаа байна. Мөн та бүхний энэ санал, санаачлагыг дэмжиж ажиллана.
Р.МӨНХТӨР: Ер нь морио сайн дээдэлсэн хүн бол есөн үеэрээ сайн явдаг гэж ярьдаг юм билээ. Манай аймгийн хувьд иргэдийн халамжийн мөнгө мориноос орсон гэсэн статистик мэдээ байдаг.
 Монгол банкны дарга Н.Мөнхбаяр энэ статистик мэдээг чинь маш нарийн гаргасан байдаг юм билээ. Ялангуяа 2015,2016 онд хадгаламжийн хэдэн хувь нь ноолуураас орсон гэдгийг нарийн тооцоод гаргачихсан байдаг.
Д.ДОРЖДЭРЭМ: Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. 05 сарын 02нд болох хэлэлцүүлэг дээр ХАА-н газраас эрлийз адуу хэд байгаа хэд байгаа тооцоо судалгааг гаргуулж авъя. Дээрээс нь цагдаагийн газар, Хүүхэд гэр бүлийг хамгаалах газар, Байгаль орчны газар гээд бүгдийг нь л хамруулъя.
Ямар хүмүүсийг оролцуулах талаар санаа оноогоо хэлээрэй. Манай уяачдаас хэн нь хурдан морины талаар ярих юм. Мөн банкнуудыг оролцуулах нь зөв юм байна. Адуу судалдаг ямар хүн байна, түүнийг бас оролцуулах хэрэгтэй.
Н.ЭРДЭНЭБИЛЭГ: Адуу судалдаг хүн чинь аймагт битгий хэл улсад ч ховор байгаа юм.
Ч.АЛТАННАВЧ: Жамъяншарав гуай морь нилээд судалдаг юм билээ.
Б.МӨНХБАТ: Хотоос олон хүн урилгүйгээр хурдан морь тайлбарлагч Н.Оюунбаатарыг урьчихвал зөв талаас нь ярьж олонд хүргэх байх гэж бодож байна. Мөн 13 сумынхаа уяачдын холбооноос төлөөлөл оролцуулъя. Судалгаанууд бэлэн байх гэж бодож байна. Жишээ нь: малын өвчнийг мал эмнэлгийнхэн мэдэж байгаа, банкныхны судалгаанууд бэлэн байна. Мотоциклоос ойчсон хүний тоог цагдаагаас авчихаж болно. 13 сумын төлөөлөл ирчихнэ. Урьдчилаад юмнуудыг нь явуулчихсан байгаа, Аймгаас хоёр мэргэжилтэн, орлогч дарга байна. Өөр асуудал нэг их гарахгүй байх гэж бодож байна. Энэ хоёрдугаар хэлэлцүүлэг дээр бас шийдвэр гарахгүй шүү дээ. Хоёрдугаар хэлэлцүүлгээрээ ямар юм хэрэгтэй байна гэдгээ яриад, аймгийн засаг даргаас ямар дэмжлэг үзүүлэх юм гэдгийг нь тодорхой болгоод, эцэст нь тэргүүлэгчдийн хурлаар ороод энэ хөтөлбөр маань эцсийн болж гарах юм. Тиймээс хэдүүлээ хурлын тэмдэглэлээ гарахаар нь харж байгаад юу юу хэрэгтэй байгааг нь цаасан дээр буулгаад авнаа.
Р.МӨНХТӨР: Адууг зөвхөн махны чиглэлээр өсгөх юм бол ямар ч ашиггүй. Харин хурдны чиглэлээр өсгөх нь зүйтэй. Өнөөдөр 1000 адуу өсгөчихөөд түүнийгээ маханд өгөөд явж байгаа бол хэрэггүй, байж болшгүй зүйл. Бэлчээр нутаг манайханд хүрэлцээ муутай болж байна. Тиймээс тоо толгой чанар гээд их юм яригдах ёстой.
Б.МӨНХБАТ: Отрын адуунаас малын хөлийн татвар авах талаар ярих нь зүгээр юм шиг байгаа юм.
Ч.АЛТАННАВЧ: Манай аймгийн хурдан морины бай шагнал их бага байдаг юм. Аймгийнхаа нэр хүндийг авч үлдэхийн тулд шагналын мөнгөө нэмэх талаар хөтөлбөртөө тусгах хэрэгтэй.
С.БУЯНБАДРАХ: Монгол адууны өв соёлын талаар ярьж байгаа болохоор цаашид хүүхдийн барьдаг ташуурын хэмжээг тогтоож өгөх хэрэгтэй байна.
Одоо зарим нэг хүүхдүүд зуузай холбохын аргагүй ташуураараа хоёр тийш савчаад, зодооны хэрэгсэл болгоод байгаа юм. Тиймээс болохгүй байгаа зүйлээ бүгдийг ярьж хэлэлцээд, соёлын өвийг хадгалж үлдэх талаар Үндсэн хуулинд ямар заалт байна. Баяр наадмын тухай хуулин дээр ямар заалт байна. Энэ бүхэнд үндэслэн хөтөлбөр гаргаж байна гэж  оруулж ирэх хэрэгтэй. Тэгээд Монгол морины соёлд гарч байгаа бүх эрсдэлээ жагсааж байгаад зайлшгүй ийм хөтөлбөр гаргах шаардлагатай байна гэх юм бол маш том давалгаа үүснэ. Яг үндсэндээ бол хөдөөний сайхан уяач нарын зориг мохчихоод байна. Тийм болохоор энэ санал санаачлагыг гаргаж тавьж байгаа та бүхэндээ баярлалаа.
Б.МӨНХБАТ: Эрдэнэхүү та протоколоо цаасан дээр буулгачих. Тэгээд хоёр мэргэжилтэн манай хүмүүстэй хамтраад бичиг баримтыг нь боловсруулчих 05 сарын 02нд өргөтгөсөн хэлэлцүүлгээ хийдгээрээ хийе. Мэргэжлийн хүмүүс нь  хариуцсан юмаа яриад явчихна биз. За тэгээд 05 сарын 02нд эргээд уулзъя гээд хурал хаасныг мэдэгдэв.
2018-04-27
Сүхбаатар аймаг,Баруун-Урт хот
Протокол хөтөлсөн: Я.ЭРДЭНЭХҮҮ


    khural.mn сайтад байршуулсан    Д. Оюунцэцэг  /Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн/



Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%