Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"Шилдэг төлөөлөгч" Б.Наранбаатартай хийсэн ярилцлагаас

2020-07-31

       Монголын Нутгийн удирдлагын холбооноос  “Шилдэг төлөөлөгч” шалгаруулан, алдаршуулж байхаар шийдвэрлэсний дагуу сумдын ИТХ-ын төлөөлөгч нараас хийж хэрэгжүүлж байгаа ажлаараа шалгарсан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ИТХ-ын дарга Б.НАРАНБААТАР-тай хийсэн ярилцлагыг толилуулж байна.

            Юуны өмнө Сүхбаатар аймгийн сумдын ИТХ-ын 2016-2020 онд сонгогдсон төлөөлөгчдөөс “Шилдэг төлөөлөгч”-өөр шалгарсан танд баяр хүргэе. Сайхан наадав уу?

Сайхаан. Та сайхан наадсан уу? Нутаг оронд маань тэнгэр хангай хураа хайрлаж, эрт сайхан зунжсан учир энэ жилийн наадмаар малын зоо тэнэгэр, хүн ард минь сэтгэл санаа нь амгалан сайхан наадлаа. Дэлхий нийтийн цаг үеийн тулгамдсан асуудалтай холбоотойгоор төр засгаас шийдвэр гарч сум орон нутагтаа түмэн олон маань сайхан наадаж, хүлэг морьд нь хурдан, хүчит бөхчүүд минь хүч чадалтай, эрхий мэргэн харваачид маань хараа хурц, оноо мэргэн байлаа. Сумын ИТХ-ын тэргүүлэгч Ч.Батмөнхийн бор шүдлэн аймгийн баяр наадамд магнайдаа тоосгүй хурдалж түрүү магнайлж, сумын маань унаган хүүхэд Н.Уранбилэг аймгийн баяр наадмын үндэсний сур харваанд урамтай сайхан харважулмаар түрүүлж “Аймгийн мэргэн” цол хүртлээ. Энэ баяр наадмаар олон олон иргэд маань хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж төр засгийн шагналаар шагнагдлаа.

Сумынхаа болон ИТХ-ын бүтэц, үйл ажиллагаанаас  товч танилцуулна уу?            

Манай сум нь 1925 онд 375 өрх, 1335 хүн ам, 33500 толгой малтай анх байгуулагдаж байсан. Цөлөрхөг хээр, бударганат говирхог, хужир мараа бүхий тойромтой, тал хээрийн хэв шинж хосолсон намхан дов толгод үргэлжилсэн далайн түвшинээс 1000-1200м өндөрт өргөгдсөн хялгана, бударгана, таанат хээрийн бэлчээр зонхилсон 435.7 мянган га газар нутагтай. 2019 оны жилийн эцсийн тоогоор 976 өрхөд 3401 хүн ам, 321988 толгой мал тоологдсон.  Засаг захиргааны анхан шатны нэгжийн хувьд Сэргэлэн, Өлзийт, Үнэгд, Дэлгэрхаан, Өгөөмөр гэсэн 5 багтай. Эдийн засаг, нийгмийн гол салбар нь мал аж ахуй. Нийт өрхийн 80,6хувь, хүн амын 80,4хувь нь хөдөө амьдардаг. Сумын ИТХурал ээлжит болон ээлжит бус хурлыг 14 удаа хийж, Тэргүүлэгчдийн хурлыг дэгийн дагуу  тогтмол хуралдуулж, сум орны тулгамдсан асуудлыг хэлэлцэж,  бодлого шийдвэр гаргаж  боловсруулан ажиллаж байгаа бөгөөд энэ хэцүү бөгөөд хариуцлагатай ажлыг хамтран гүйцэтгэж байгаа ИТХ-ын Тэргүүлэгч Б.Баттулга, Г.Гантөмөр, Н.Өнөрцэцэг, Л.Гантулга, Ч.Батмөнх, Ц.Мөнх-Учрал нартаа баярласнаа илэрхийлье. Манай ИТХ-ын хувьд маш онцлогтой. 21 төлөөлөгчийн 9 нь эмэгтэй, ажил мэргэжлийн хувьд төрийн албан хаагч 5, улс төрийн албан хаагч 5,  бизнес эрхлэгч буюу хувиараа хөдөлмөр эрхлэгч 8,  3 төлөөлөгч маань малчдын төлөөлөл болж ИТХ-д санаа бодлооо уралдуулан ажиллаж байна. Насны хувьд 26-40 насны 10 төлөөлөгч, 41-55 насны 11 төлөөлөгч сонгогдсон. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг өдий зэрэгтэй бэхжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ИТХ-ын төлөөлөгчид тэдний удирдаж байсан дарга, нарийн бичгийн дарга нарыг дурдахгүй орхиж болохгүй. ИТХ-ын даргаар өмнө нь Түгжчамба , С.Баатар, Батсайхан, С.Дашдаваа нар ажиллаж байв.  ИТХ-ын нарийн бичгийн даргаар У.Ядамсүрэн, Ж.Амартүвшин, М.Ганбаатар, Я.Оюунзул, Ц.Мөнхбаяр, Ч.Батжаргал, Т.Содончимэг, Г.Ганбаяр нар ажиллаж байсан бөгөөд Орон тооны бус нарийн бичгийн даргаар Ш.Энхтуяа, Б.Наранбаатар ажиллаж байсан.          Бид  төлөөлөгчдийнхөө мэдлэг чадавхийг нэмэгдүүлэхийн тулд аймгийн ИТХурал, Монголын Нутгийн Удирдлагын Холбоотой хамтран сургалт семинарт тогтмол  хамруулдаг даа.

Та Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ИТХ-ын төлөөлөгчөөр хэдэн удаа сонгогдсон бэ? Багш мэргэжилтэй, боловсролын байгууллагад удирдах алба хашиж явсан гэж сонссон.

            Сумынхаа иргэдийн итгэлийг хүлээж 2004-2008, 2008-2012 ондуудад сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан. 2016-2020 онд дахин сонгогдож сумын ИТХ-ын даргаар ажиллаж байна. Надад итгэж төр иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах, иргэдээ төлөөлж дуу хоолой нь болох, төрийн хууль тогтоомжийг сум орондоо хэрэгжүүлэх боломжийг олгосон нийт сонгогчид иргэддээ баярлаж явдагаа илэрхийлье ээ. 2000 онд багшийн сургууль төгсөж сургуульдаа хүүхэд багачуудыг эрдмийн дөрөөнд хөтлөх бага ангийн багшаар 9 жил ажилласан, 2009-2016 онд хамт олныхоо итгэлийг хүлээж сургалтын менежерийн хүндтэй албыг хашиж байлаа. Оюунлаг, чадварлаг хамт олонтойгоо ажиллах хугацаандаа ихийг сурч мэдэж, хүүхдийн гэгээхэн хүсэл, цангинасан инээдэнд бялхаж байсан тэр он жилүүд хамгийн сайхан санагддаг.

            Түвшинширээ сум аймгийнхаа 13 сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөлөл, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарыг оролцуулан “Хүндэтгэлийн хурал” хийж, сургалт, спортын арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Энэ талаараа ярина уу?  

            Сумын ИТХ-ын удирдлагын хувьд ИТХ-ын төлөөлөгчдөө яаж чадавхжуулах вэ? бусад сумдын сайн туршлагаас хэрхэн суралцах вэ? гэдэгт нилээд анхаарч бусад сумдынхаа дарга нартай хамтран ярилцсны үр дүнд эхний ээлжинд манай сум энэ арга хэмжээг зохион байгуулахаар тухайн үед шийдэж байлаа. Төлөөлөгчид маань харилцан бие биенээсээ туршлага солилцоно, бас хэрэгтэй сургалтандаа хамрагдана, нөхөрсөг тэмцээн уралдаан зохион байгуулна мөн сайхан танилцах боломж бүрдэнэ гээд их л өгөөжтэй сайхан арга хэмжээ боллоо гээд  ирсэн зочид төлөөлөгчид маань ярьж байсан. Нутгийн өөрөө удирдах байгууллагын “Туршлага солилцох уулзалт, нөхөрсөг спорт тэмцээн”-д 13 сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, төлөөлөгчдийн төлөөлөл мөн аймгийн ИТХ-ын ажлын албаныхан гээд нийт 200 гаруй зочид төлөөлөгчидтэй арга хэмжээг манай хамт олон амжилттай зохион байгуулсан.Сумдын ИТХ-ын төлөөлөгчид харилцан бие биенээсээ туршлага судлан нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэхэд томоохон нөлөө үзүүлсэн үр дүнтэй арга хэмжээ болсон. Энэ үеэр анх удаа “Хүндэтгэлийн хурал” хийж, түүхэн үйл явдал болж өрнөсөнд баяртай явдаг.

Нутгийн удирдлагын байгууллага үүсч хөгжсөний  25 жилийн ойгоо хэрхэн үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлсэн бэ?        

Бид энэхүү арга хэмжээг сумандаа зохион байгуулж 25 жилийн ойгоо тэмдэглэж, туулж өнгөрүүлсэн хугацааны алдааоноо, амжилт бүтээлээ ярилцаж, үе үеийн ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөлөл, ИТХ-ын дарга нарын болон нарийн бичгийн дарга нарын төлөөлөл гээд 45 хүндэт төлөөлөгчдийн хамт амжилттай тэмдэглэлээ. Ойгоороо сумын ИТХ-д сумын иргэдээ төлөөлөн удаа дараа сонгогдож, сумын хөгжлийн бодлогыг боловсруулах, эдийн засаг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оролцож явсан хүмүүсээ алдаршуулж шагнаж урамшуулсан. Сумын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын 25 жилийн түүхэн хугацаанд сумын 3000 гаруй иргэдийг төлөөлж 7 удаагийн сонгуулиар давхардсан тоогоор 100 гаруй хүн сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан байдаг.

Танай сум орны хувьд улиран одож байгаа 4 жилд ямар ажил амжуулсан он жилүүд байв ?

Та маш чухал асуудал хөндлөө. Бид 7 дахь удаагийн орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бүрэлдэн бий болж сум орондоо засаглах эрхийг хэрэгжүүллээ. Энэ хугацаанд улсын төсвийн 2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн шинэ цэцэрлэг, улсын төсвийн 1,6 тэрбум төгрөгний 240 үзэгчийн суудалтай соёлын төвтэй боллоо, мөн 120 сая төгрөгөөр ЭМТөвөө засварлалаа, 540 сая төгрөгөөр ЕБСургуулийнхаа хичээлийн байрыг их засварт оруулж байна. Сум орныхоо төсөв мөнгөний боломж, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр Өлзийт, Өгөөмөр багийн төвөө шинэ байртай болголоо, Зах зээл бэлчээрийн менежментийн удирдлага төслөөс санхүүжүүлэн 105 сая төгрөгөөр Өвсний фонд барьж байна гээд яриад байвал хийсэн бүтээсэн зүйл их бий. Сумын иргэд, аж ахуйн нэгж маань ч санал санаачлагатай байж олон олон шинэ бүтээн байгуулалт хийж байна. Тэр бүхнийг тоочин нэрлэж чадаагүйд уучлаарай. Хийж хэрэгжүүлсэн ажлаас гадна хийж хэрэгжүүлж чадаагүй ч ажлууд байгаа гэдгийгээ бас хэлэх нь зөв байх аа.

ИТХ-ын төлөөлөгчид гэдэг бол сум орны бодлогыг боловсруулахаас гадна иргэдээ соён гэгээрүүлэх ажлыг гүйцэтгэх ёстой байгууллага гэж миний хувьд боддог. Таны хувьд юу гэж бодож байна вэ?

Тиймээ. Сумын ИТХ-ын төлөөлөгчид маань иргэдээс сонгогдсон тэдний итгэлийг хүлээсэн хүмүүс байдаг. Бид иргэдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйт нийгэмд зохицож амьдрах боломж бололцоог бүрдүүлэхэд анхаарч хууль эрх зүйн анхан шатны мэдлэг мэдээлэл олгох сургалт сурталчилгаа яриа таниулгыг сумын цагдаагийн хэсэгтэйгээ хамтарч хийдэг. Иргэдийн санал санаачлагаар нэлээд  ажлыг хийсэн. ИТХ-ын төлөөлөгч иргэдтэй уулзах, санаа бодлыг нь сонсох “Төлөөлөгчийн өдөр”, Алтанбулаг хийдийн хамба ламын санаачлагаар 1000 ээж цуглаж бүгдийн сайн сайхны төлөө Дарь эх хурсан, Ахмад залуу үеийн нандин холбоог бэхжүүлэх “Ёс заншлаа өвлүүлье” уриатай 3-н үеийн чуулга уулзалтыг монгол ёс заншил, монгол ахуй амьдралтай хойч үеээ таницуулах зорилготойгоор амжилттай зохион байгуулсан.

Сонгуульт хугацаанд сумын ИТХ-ын хурлын даргаар ажиллаж байхад ололт амжилтаас гадна хамгийн хүндрэлтэй ямар асуудал байв?

Түмэн олныхоо итгэлийг хүлээж ИТХ-ын төлөөлөгч болно гэдэг өндөр их итгэл гэж миний хувьд боддог. Итгэлийг зүтгэлээр хариулах нь төлөөлөгч хүний үүрэг. Тэр их итгэлээр хөглөгдөж зүтгэж яваа хамт олноо удирдах боломж олдсонд баярладаг. Сумын ард иргэдийн нэн чухал асуудлууд болох иргэдийн эрүүл мэнд,  ундны усны чанарын  асуудал гээд яриад байвал олон асуудал байна.  Сумын ИТХ-аас Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хэлэлцэх асуудлаа ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчдийн санал зэргийг тусган төлөвлөж, энэ дагуу биелэлт үр дүнгээ тооцоод явдаг. Сум орон нутгийнхаа хүрээнд Үндсэн хуулийн 4-р бүлэгт заасан “Төрийн удирдлагыг нутгийн удирдлагатай хослуулан...”  хэм хэмжээний дагуу зохицуулан ажиллаж байна.

Аймгийн ИТХ-аас жилийн эцэст  сумдын ИТХуралд хяналт шалгалт хийж, мөн иргэдээс судалгаа авч эргэх холбоотой ажилладаг. Энэ жилийн  иргэдээс авсан судалгаагаар “Танай сумын хэмжээнд хамгийн их тулгамдсан шийдвэрлэвэл зохих ямар асуудал байна вэ?“ гэсэн асуултанд хамгийн олон хүний санал авсан асуудалд ундны усны чанарын асуудал, худаг усны хүрэлцээ хангамжийн  асуудал,  бэлчээрийн даац, хилийн цэс, отор нүүдлийн тухай асуудлууд орж байсан. Энэ асуудлууд зөвхөн манай суманд л байгаа бэрхшээл биш юм. Бусад сумдад ч байгаа л асуудал. Боломжийн хэмжээндээ шийдвэрлээд явж байна. Мөн аймаг, орон нутгийн хувьд шийдвэрлэх асуудал ч байна. Улсын хэмжээнд шийдвэрлэх ч асуудал байна.  Жишээ нь: Хилийн цэсийн маргаан гэхэд л  1 сумын иргэд эсвэл ганцхан УИХ шийдчихдэг асуудал биш, Бэлчээр хамгаалах тухай ярихад л үлийн цагаан оготныг яаж  устгах вэ? малаа яаж таваарлаг болгох вэ? түүхий эд бүтээгдэхүүнийг нь хэрхэн чанаржуулах вэ? Отор нүүдлийн хувьд гэхэд л зэргэлдээ хил залгаа сумдтай гэрээ хэлцэл хийх, хамтарч ажиллах гээд эрх зүйн дагуу хийж хэрэгжүүлэх ажлууд ар араасаа ундарч ирнэ. Гэсэн хэдий ч сонгогдсон төлөөлөгчдийн шийдвэртэй гаргалгаа,  хариуцлагатай  шийдвэрийн хүрээнд  сум орон нутгийнхаа хөгжлийг урагш хөгжүүлж явна аа. 

Залуу насандаа улс эх орныхоо төлөө өөрийн авьяас билэг, хүч чадал, хөлс хүчээ зориулсан ахмадуудаа урамшуулах төрийн шагналаар шагнуулах талаар танай сумын ИТХ-ыг сайн анхаарч ажилладаг гэдэг?

Манай хамт олон улиран одож буй хугацаанд ахмад буурлууд, ажил хөдөлмөрийн сайчуудаа шагнаж урамшуулахад анхаарч ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчид маань сумын ЗДТГазар, багийн Засаг дарга нар маань хамтарч хаа хаанаа сайн ажилласан. Энэ 4 жилийн хугацаанд малч ухаан өөрийн ажилч хичээнгүй чанараа төр засагтаа үнэлүүлж “Улсын аварга малчин” цолоор Дэлгэрхаан багийн малчин Ш.Даваабаатар, Өгөөмөр багийн малчин С.Арилд нар шагнагдлаа. Алтан төлийн эзнээр Дэлгэрхаан багийн малчин Ц.Мижиддорж шагнагдаж аймгийн “Сайн малчин” 4 тодорлоо. Залуу халуун насандаа хийж бүтээсэн хөдөлмөр алдар гавьяаг нь үнэлж Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Д.Няндав, Ц.Мижиддорж нарыг шагнаснаас гадна Алтан гадас одонгоор 10 гаруй ахмад,  хөдөлмөрийн хүндэт медалиар 8, засгийн газрын болон яамны шагнал, аймаг орон нутгийн төр захиргааны шагналаар олон хүмүүс шагнагдсан. Шагнал эзнээ олохын чухлыг улам их ухаарч байна. Хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж чадаагүй олон  иргэд ч бас  байна аа.  

Аймгийн ИТХ-ын ХШҮ-ний дүнгээр 2019 онд танай ИТХурал  аймагтаа  3-р байрт шалгарсанд  баяр хүргэе. 

Баярлалаа. Энэ бол сумын  ИТХ-ын 21 төлөөлөгч болон тэргүүлэгчдийн маань ажлын үр дүн. Мөн биднийг сонгосон, үргэлж дэмжиж хамтарч ажилладаг сумын иргэдийн маань итгэл сэтгэл, дэмжлэгийн үр дүн гэж миний хувьд ойлгож байна. МУЗЗНДНТУТХ-ийн дагуу бидэнд газар дээр нь ирж зөвлөн туслаж ажилладаг аймгийн ИТХ-ын хамт олондоо баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.

Баярлалаа. Таны цаашдын ажилд улам их амжилтыг хүсье.

 

 Ярилцсан     Д. Оюунцэцэг /Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн /

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%