Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“Жаахан шарга”-ын домгийн нутгаар

2020-09-11

Аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбатын санаачлагаар “Агтана хүрээт” соёлын төслийн хүрээнд Монгол Улсын Соёлын үнэт өв, үндэсний тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон Монгол адуу, түүнийг  дагасан соёл уламжлалаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх олон талт ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг нь  “Жаахан шарга” дууны талаарх баримтат киноны зураг авалтын ажил юм. 

Уртын дуу нь эртний Хүннү, Сүннүгийн үеэс үүсэлтэй бөгөөд түүхийн урт хугацаанд улам баяжин төгөлдөржсөөр Монгол оронд дэлгэрсэн байна.

 Ямар ч монгол хүний хоолойнд эвлэгхээн тохирдог, ард түмний зохиосон дуунууд бүгд өөр өөрсдийн домогтой. Найран дээр шуранхайлж, мөн олноороо түрэн дуулагддаг эдгээр дуунуудын үүх түүхийг мэдэж байна гэдэг хаана хэзээ дуулахаа бодож, үр хүүхэддээ тайлбарлаж, өөрөө ойлгоход ч тустай уламжлал билээ.

“Жаахан шарга”-ын домог хийгээд дуу бол ёстой миний авъяас билэгт жигүүр ургуулсан шидэт аялгуу юм аа. Найр наадам болоход аав минь хуурдаж “дээл” хочит Гомбодорж гуай Жаахан шаргыг заавал дуулдагсан. Гомбодорж гуай бол Жаахан шарга дууны эзэн Цэрэнноровын зээ хүү нь билээ. Дууг сонсож суух нутгийн өвгөд, эмгэд нулимсаа барьж чадалгүй уярч байхад нь хүүхэд миний сэтгэлд бас нэг эмзэгхэн утас дргидог байж хэмээн Монгол улсын СГЗ, Чингис хааны одонт, нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг.

Жаахан шарга”-ын домгийн хувилбаруудаас сийрүүлбэл:

Олондоо Инжээноров хэмээн алдаршсан нэгэн лам Дарьгангын хошууны Овоон сүмийн цогчин умзад байжээ. Тэрээр Дарьгангынхаа Чимидлхам гэгч сайхан хүүхэнтэй танилцаж, хайр сэтгэлтэй болсон төдийгүй лам хувраг хүн боловч хайр сэтгэлийнхээ их хүчинд адтагдан ханилан суухаар тохирчээ. Гэтэл эцэг эх нь охин Чимидлхамыгаа лам хувраг хүнтэй суулгахаас дургүйцэн Жигаа ноёнд эхнэр болгон өгөхөөр тохирч оторт гарах нэрийдлээр Наранбулагийг зорин нүүжээ. Нүүж хулжсаныг мэдээгүй байсан Цэрэнноров амраг хүүхэн Чимидлхамтайгаа уулзахаар болзсон өдрөө зорин ирэхэд нүүсэн тул уулзалгүй холдуулсандаа ихэд харамсан гуниглажээ.
Цэрэнноров ямар ч байсан хайрт хүнийхээ хойноос нэхэн очиж амраг сэтгэл нь хувирч уу? Аргагүйн хүчийг дагаж уу? Мэдье хэмээн шийдээд хос шаргаа хөлөглөн замд гарчээ. Ингэж явахдаа:
Нуруу нуруун дээгүүр
Нутгийн дээс нь хөвөрнө
Нуугаад нуугаад уйлсан ч
Нулимсны минь гарз уу даа
Жаахан шаргын шогшоонд нь
Томоо муухай тасраад байна
Жаахан түүнийхээ аашинд нь
Сэтгэл муухай гуниад байна гэж
зохион дуулсаар явсан гэнэ. Тэгж явсаар, сураг ажиг тавьсаар Наранбулаг очсон /Одоогийн Наран сумын Оргил нэгдлийн төв/ Жигаа ноёныхыг олж Чимидлхамтайгаа ая эвийг олон уулзаж амраг сэтгэл нь хувирч, ариун хайраасаа няцаагүйг мэдээд эргэж уулзах болзоо тавиад баяртай буцжээ.
Явдал замдаа хайрт хүнээ яаж бусдын булхайнаас салган авах, ханилан жаргах хорвоод хаалт болсон хуврагийн ёсоо хэрхэн орхих зэргийг эргэцүүлэн бодож явахдаа:
Дэвээд байгаа дээврийг
Дээсний үзүүрээр дардаг даа хөө
Дэнэгэлзэж байгаа сэтгэлийг
Одоо юугаар тогтооно вэ? Гэж дуулжээ. Гэвч бас эрс санаа шийдэж:
Үхрийн чинээ чулууг
Үер дайраад яах вэ
Үнэнч хоёр сэтгэлд
Үг ороод яах вэ?
гэж хайрт Чимидлхамынхаа хүнч сайхан сэтгэл, хувиршгүй зан аашинд нь итгэн дуулж нутаг усандаа иржээ. Удалгүй хайрт хүүхэн Чимидлхамыгаа Жигаа ноёноос булаан авч ханилан сууж, үр хүүхэд олонтой өнөр өтгөн айл болж нутаг усандаа амьдарчээ хэмээн өгүүлсэн байдаг.

Нөгөө нэг хувилбар нь:

Энэ дуу 1860-аад оны үед Дарьгангын овооны хийд орчим зохиогдсон гэж үздэг. Далин дагын хүү Инзноров, Ургамал зундаагийн охин Чимэдлхам хоёр хайр сэтгэлийн холбоотой болж, хурга тугалын бэлчээрээр уулзан учирч явсаар амьдран суухаар болоод байтал хошууны ноён Чимэдлхамыг хүчээр богтолж авчээ.

Зунд гэдэг нь цол бөгөөд Дарьганга хошуунд ийм цолтой хүн дөрөвхөн байсан гэдэг. Зунд цолтой хүнийг ойсон голтой отого жинсээр шагнадаг бөгөөд тэр хүн эзэн хаанд биеэр бараадах эрхтэй байсан юм. Ургамал зунд охиныхоо инжид их олон юм өгсөн гэдэг.

Чимэдлхам ноёныд хүрээд хэд хонож байтал, Норов "Удахгүй ургуулж дутаалгана шүү, сэрэмжтэй байгаарай" гэж хэл ирүүлжээ. Энэ чимээг сонссон Чимэдлхам ойр зуур хэрэглэх хувцас хунараа бэлтгэх гэтэл хадам ээж нь хувцасны авдрын түлхүүрийг нь авчихсан болохоор ил байсан ганц уужийг аргал дор нууж бэлджээ.

Болзсон цагтаа гэрээс гарахдаа үдшийн бүрийгээр аргал хормойлж ирье гэж гараад нуусан уужаа нөмгөн дээл дээрээ өмсөөд зугатсан байна.

Тэр хоёр шөнөжин давхиад Лхамаа гангын бургасанд нуугдаж амьдарчээ. Тэндээ намрын туршид бургасанд хоол ундаа зөөж авчирж иддэг байснаа "Таг ширээ нутаг нь, Таван өнгөөр найгана. Танхил өссөн тэр минь, Танихгүй хүнээс дайжиж суудаг болбуу? Дүш ширээ нутаг нь дөрвөлжилж барайгаад харагдана. Түмгэр жаахан чамдаа, төдлөх тусмаа санагдана" гэж дуулсан байдаг. Ноёдын эрэлчин ч цөхөрсөн байлгүй, төдөлгүй чимээ тасрав. Нэгэн өдөр, Инзноров гэрийхээ гадна сууж байхдаа "Лхамаа одоо гэртээ харья. Яавал яаг" гээд оройхноор хөтлөө морьтой мордож, Лхамааг гэртээ аваад ирсэн гэдэг. Ноёныхон хэзээ л ирдэг бол гэж хэдэн хоногоор дэн дунтай суулаа. Хосуудын аз ивээж тэднийг сандаргааж зовоосонгүй. Тэгээд л Инзноров, Чимэдлхам хоёр арваад хүүхдийн ээж аав болж амар мэнд амьдарсан гэдэг.

Жаахан шаргын шогшоонд нь
Томоо нь муухай тасарлаа
Жаахан түүнийхээ аашинд нь
Сэтгэл муухай гунихарлаа
Хоёр морьтой гарлаа даа
Хонгорын ширээг дамжлаа даа
Хоноглосонгүй явсныг нь бодохоор
Хоёр нүдэндээ нулимстай
Буйлаад байгаа тэмээг
Бурантагны үзүүрээр тогтооно
Булиглаад байгаа сэтгэлийг
Одоо юугаар тогтоох вэ
Дэрвээд байгаа дээврийг
Дээсний үзүүрээр тогтооно
Дэнслээд байгаа сэтгэлийг
Одоо юугаар тогтооно вэ...
хэмээн ая нь аргадаж , үг нь зэмлэсэн гайхамшигт монгол аялгуу, алдарт уртын дуу төрсөн түүхийг нутгийн ардууд үе дамжин өгүүлсээр иржээ.

Ардын дууны сайхан ххүхнүүд нийтлэлд:

“Жаахан Шарга”-ын Чимэдлхамын талаар ийн өгүүлсэн байна.

 

Нутгийнхаа ард олонд “Инжээ” Норов гэж алдаршсан Цэрэнноров хэмээх цогчин унзад Дарьгангын хошууны Овоон сүмд шавилан суудаг байж. Гэвч эхнэр авах ёсон үгүй мань лам Дарьганга нутгийн Чимэдлхам хэмээх үзэсгэлэнт бүсгүйд хайр сэтгэлтэй болж, улмаар шашныхаа дэг жаягийг умартан түүнтэй ханилан суухаар болжээ. 

 

Тэгтэл охины эцэг эх хоёр "Хоосон шалдан ламтай суулгахгүй, хогшил хөрөнгөтэй ноёнтой суулгана" гээд нутгийнхаа Жигаа хэмээх ноёнд эхнэр болгож өгөхөөр болсон байна. Цэрэнноров лам амраг хүүхэн Чимэдлхамыгаа авахаар болзсон өдрөө ирэхэд тэднийх Жигаа ноёны нутаглаж байсан Наранбулаг хэмээх газрыг зорин нүүсэн байж. 

 

Цэрэнноров ямар ч байсан хайрт хүүхнийхээ хойноос нэхэн очиж, "Амраг сэтгэл нь хувирсан уу, аргагүй хүчийг дагаж уу гэдгийг мэдье" гэж шийдээд хоёр сайхан хос шарга морио хөлөглөн замд гарчээ. Тэгээд алсын замд явахдаа,

 

"Жаахан шаргын шогшоонд нь 

Томоо муухай тасраад байна 

Жаахан түүнийхээ аашинд нь

Сэтгэл муухай гуниад байна” гэж дуулжээ. 

 

Ийнхүү дуулсаар Наранбулагт хүрч Чимэдлхамтайгаа ая эвийг олж уулзан амраг сэтгэл нь хэвээрээ байгааг мэдээд эргэж уулзах болзоо тавиад буцсан байна. Тэрбээр буцах замдаа хайртай хүүхнээ бусдын булхайнаас хэрхэн салгах, ханилан жаргах хорвоод хаалт болсон ламын ёсоо хэрхэн орхих зэргийг эргэцүүлэн бодсоор 

 

‘‘Дэвээд байгаа дээврийг,

Дээсний үзүүрээр тогтооно,

Дэнэгэлзээд байгаа сэтгэлийг,

Одоо юугаар тогтооно вэ,

Үнэнч хоёр сэтгэлд, Үг ороод яах вэ’’ гэж дуулсаар нутагтаа ирсэн байна. 

 

Ингээд сарын дараа хайрт хүүхэн Чимэдлхамыгаа Жигаа ноёноос оргуулан авч алс хол хангай газар руу нутаг буруулан дутааснаар хайр сэтгэлтэй хоёр хос эрх дураараа амьдарч олон хүүхдийн эцэг эх болжээ. Энэхүү гайхамшигт дуу нь ардын дунд түгээн дэлгэрч хоёр хосын уртын урт амьдралд уярал хайрлан олон оныг үдсэнээр өнөөгийн бидэнд “Дарьгангын жаахан шарга” хэмээх нэрээр өртөөлөн ирсэн түүхтэй.

Мөн судлаач,  яруу найрагч агсан Отгосүрэн /УБДС-ийн багш байсан үедээ/ дараах шүлгийг Дарьгангын сайхан бүсгүйд зориулан ийнхүү бадагласан байдаг.

Дарьгангын жаахан шарга

Дарьгангын жаахан шаргыг
Уяхан дуулсаар ган
ихарлаа
Дарьгангын жаахан хонгорт
Унан дурласаар бишэрлээ

Ар халхын нутаг минь
Дуугаар дутаад дуулсангүй
Арын сайхан хангай минь
Охидоор дутаад дурласангүй

Дуулах дуртай дуу минь
Үнэн сайхан үгтэй
Дурсан санаашрах тэр минь
Түвшин монгол зантай

Сайн дуу дуулаагүй бол
Сэтгэл юундаа уярах вэ
Сайхан чамтай учраагүй бол
Зүрх юундаа догдлох вэ
хэмээн сэтгэлээ уудлан уран яруу шүлэглэсэн нь бий.

 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 196
177 / 90%
19 / 10%