Үндэсний тусгаар тогтнолын бэлгэ
тэмдэг, нүүдэлчин түмний эрхэм өв соёл болсон Монгол адуу, түүнийг дагасан соёл
уламжлалаа өвлүүлэн үлдээх, хамгаалах, гэрэл зургаар дамжуулан түгээн
дэлгэрүүлэх өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Агтана хүрээт-2020”
наадамд маань Монгол улсын 21 аймаг,
Сүхбаатар аймгийн 13 сумын шилдэг хүлэгч эрс аймаг, сумаа төлөөлөн оролцож
улсын гэсэн тодотголтой болсноороо онцлог байлаа. Агтана хүрээт наадмын хүрээнд Сүхбаатар
нутгаас төрөн гарсан энэ цагийн эгэлгүй хүлгүүдийг алдаршуулан хүндэтгэл
үзүүлдэг бөгөөд энэ удаад Түвшинширээ сумын уугуул, Аймгийн алдарт уяач
Пүрэвдоржийн унаган “Дүү хээр” азарга, Асгат сумын уугуул Аймгийн алдарт уяач
Чулуунбаатарын “Асгатын хүрэн” морийг алдаршуулснаас гадна, хурц хурдан хүлгийг
өөрийн адуун сүрэгтээ торниулж улс бүсэд нутаг усныхаа нэрийг дуудуулж яваа
Уулбаян сумын харъяат, Аймгийн алдарт уяач Б.Агваан багшид хүндэтгэл үзүүлсэн
юм.
Хүлэгч эрсийн наадамд 53 адуучин оролцож
шилдгээ шалгаруулсан бол Хос морьтны тэмцээнд 9 хос оролцсон байна. Энэ
удаагийн “Агтана хүрээт” хүлэгч эрсийн наадмыг 3000 гаруй хүн зорин ирсэн нь
дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтойг харуулж байна.
“Агтана хүрээт-2020” хүлэгч
эрсийн наадмын адуучин тэмцээний төрөлд:
1-р байр: Л.Манлайжаргал /Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум/
2-р байр: Жангавням /Хэнтий аймаг, Батноров сум/
3-р байр: Г.Баяржаргал /Дорнод аймаг, Матад сум/
“Хос морьтон” тэмцээний төрөлд:
1-р байр: Б.Амарбат /Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум/
2-р байр: Н.Дашдэлэг /Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум/
3-р байр: Ч.Ороолон /Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан
сум/ нар
шалгарч аваргуудаар тодорлоо. Нийт байр эзэлсэн болон хүрэлцэн ирж оролцсон
хүлэгч эрсдээ баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.