Хууль зүй дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийн цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2019-2023 онд хэрэгжүүлж буй “G9198/G9221-MOH” төслийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг дэмжих хөтөлбөр” Сэлэнгэ, Увс, Сүхбаатар аймаг, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт амжилттай хэрэгжиж байна. Хөтөлбөрийн эхний шатанд Сүхбаатар аймгийн 27 эмэгтэй хувь хүний хөгжил, санхүү, хууль эрх зүйн мэдлэг олгох, бизнесийн төлөвлөгөө боловсруулах, чадавх бэхжүүлэх сургалтад хамрагдаж, олж авсан мэдлэг, туршлагадаа үндэслэн өрхийн эдийн засгийг дэмжих бичил бизнес эрхлэх төслийг боловсруулсан. Хөтөлбөрийн 2 дахь шатанд сургалтад хамрагдсан эмэгтэйчүүдээс 26 эмэгтэй өөрсдийн санаачилсан бичил төслийн саналыг боловсруулан ирүүлж, 26 нь төслөө өөрийн биеэр сонгон шалгаруулах ажлын хэсэгт амжилттай танилцуулсан байна. Сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авч шалгарсан 10 эмэгтэйд бичил төсөл хэрэгжүүлэх батламжийг өнөөдөр гардууллаа. Тус үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд бөгөөд төслийн удирдах хорооны дарга Б.Солонгоо, Зам, тээврийн төслийн Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ,аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа,аймгийн ЗДТГ-ын Хууль,эрх зүйн хэлтсийн дарга О.Саранчимэг,"G9198-МОН" төслийн зохицуулагч Г.Пүрэвсүрэн,төслийн барилгын инженер Д.Алимаа,орон нутгийн дэд зохицуулагч О.Энхтуяа болон албаны бусад хүмүүс оролцлоо. Төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгарсан 10 эмэгтэйн төслийн хамрах хүрээ, ирүүлсэн саналыг үндэслэн хүн тус бүрт 2500 ам.доллар хүртэлх тэтгэлгийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгох бөгөөд төслийг цаашид бие даан амжилттай хэрэгжүүлэх, өрхийн эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор дараагийн шатны санхүү, маркетинг, гарааны бизнес эрхлэх чадавх бэхжүүлэх сургалтыг зохион байгуулах юм.