Уулзалтын үеэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Ариунаа, эмчилгээ эрхэлсэн орлогч Э.Энхмаа нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн талаар мэдээлэл өгөв.
Аймгийн хэмжээнд жил бүр 1100-1200 эх, нярай амарждаг бөгөөд төрөлт сүүлийн жилүүдэд буурч байгаа ч эх, нярайн эрүүл мэндийг хангахад зайлшгүй шаардлагатай дараах тоног төхөөрөмжүүд хэрэгтэй байгааг онцолсон.
Үүнд:
Ургийн гаж хөгжлийг эрт илрүүлэх хүчин чадал бүхий суурин хэт авиан (ЭХО) аппарат:
Энэхүү аппарат нь жирэмсний үед ургийн хөгжил, байрлал, зүрхний цохилт болон бусад эрхтэн тогтолцооны хэвийн бус байдлыг эрт үед илрүүлэх боломжийг олгодог. Ингэснээр эх, урагт учирч болзошгүй эрсдэлийг багасгаж, эмчилгээ, зөвлөгөөг цаг алдалгүй үзүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ нь эх, нярайн эндэгдлийг бууруулахад чухал ач холбогдолтой.
Нярайн амьсгалын аппарат:
Дутуу төрсөн болон амьсгалын замын хүндрэлтэй нярайд шаардлагатай энэхүү аппарат нь амьсгалын дэмжлэг үзүүлж, амь насыг аврах чухал үүрэгтэй. Аймгийн хэмжээнд нярайн эндэгдэл буурахад эерэгээр нөлөөлнө.
Мөн 2023 онд Эрүүл мэндийн яам (ЭМЯ), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын хөрөнгө оруулалтаар ирсэн хог хаягдлыг бутлах, халдваргүйжүүлэх тоног төхөөрөмжийг ашиглахад зориулсан барилга байгууламжийн асуудал байгааг дурдсан юм.
Түүнчлэн нэгдсэн эмнэлэг нийт дөрвөн ширхэг гемодиализийн аппараттай бөгөөд 18 өвчтөн тогтмол эмчилгээ хийлгэдэг. Үүнээс гадна явуулын болон өвчний хүндрэлийн улмаас уг аппаратад орох иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул гемодиализийн аппаратын ус цэвэршүүлэгчийг шинэчлэх шаардлагатай байгааг хэллээ.



