Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

УИХ-ын гишүүн Н.Батбаяр Архангай аймагт ажиллалаа

2015-02-16

Архангай нутгийн зон олон өнөө жил хоёр дахь удаагаа буянт малынхаа тоо толгойгоор улсдаа тэргүүлсэн бол Арын сайхан хангайгаар овоглосон хамгийн олон буюу 8 малчин дуудах нэрийнхээ өмнө “УЛСЫН САЙН МАЛЧИН” хэмээх эрхэм алдрыг хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимээр заллаа. Монгол Улсын Засгийн газрын эл шагналыг Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат нараар ахлуулсан төлөөлөл малч өрхүүдийн хотонд хүрч, хүндэтгэл үзүүлэн, олгосон юм.


Өнөө жил Архангай аймаг улсын хэмжээнд Хамгийн олон мал буюу 6.8 сая толгойг тоолуулж, тэр дундаа Хамгийн олон хоньтой, Хамгийн олон үхэртэй аймгаар шалгарснаас гадна тус аймгийн Эрдэнэмандал сум “Улсын тэргүүний сум”, “Монгол Улсын хамгийн олон хоньтой сум”-аар, Өндөр-Улаан “Монгол Улсын хамгийн олон үхэртэй сум”-аар тус тус тодорсон юм.Түүнчлэн Монгол Улсын 3 сая дахь иргэний үе чацуутан 8 иргэн Архангай нутгийн харьяат болон мэндэлснийг зон олон бахархан бэлгэшээж байна.

Аавынхаа амжилтыг 12 жилийн дараа залгамжлан үзүүлэв.


Баасанцэдэнгийн Дэмиднямбуу Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багт эхнэр, гурван хүүхдийнхээ хамт өнөтэй сайхан өвөлжиж байна. Монгол Улсын төр, засгийн байгууллагуудад эдийн засагч, санхүүчээр насаараа ажилласан сэхээтэн аавын хүү ч гэлээ малд хайртай сэтгэл нь түүнийг 8 дугаар анги төгсмөгцөө малчин болох замд хөтөлжээ. Өвөлжөөгөө хадан уулын бэл өөд, өгсүүр замд хэрхэн нямбай засч, тохижуулснаас нь үзэхэд Улсын сайн малчинд байх урамтай хөдөлмөр нь илт харагдах аж.


36 насандаа “Аймгийн сайн малчин”, өнөө жил 41-тэйдээ “Улсын сайн малчин” цол тэмдгээр энгэрээ мялааж буй Б.Дэмиднямбуу өдгөө бог, бод нийлсэн 2500 орчим малтай. Бодонт багаасаа М.Бүрэнбадрах, Х.Дарханбаатар, Ж.Баатаржин, Н.Ганхуяг, Б.Жамсранжав нарын иргэдийг туслах малчнаар ажиллуулж, нийт 200 бог, 40 бод малаар амьдрал ахуйд нь тусалсны зэрэгцээ туслах мадчидтайгаа 3-5 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, Нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж, даатгалд хамруулан хамтран ажилладаг байна.


Түүний ээж буянтай буурай Л.Цэрэндолгор гуай мөн л төр, засгийн байгууллагуудад насаараа оёдолчноор ажиллаж, тэтгэвэрт гармагц нөхрийнхөө хамт мал маллаж эхлээд 2002 оны Хонин жилд “Улсын аварга малчин” цолоор шагнагдаж байжээ. Эцгийнхээ амжилтыг хүү нь 12 жилийн дараах Хонин жилийн босгон дээр ийн давтаж буйд нь туйлын баяртай байгаагаа Л.Цэрэндолгор гуай хуучилж байлаа. Тэрбээр мөн Баасанцэдэн гуай ахмад эдийн засагчийн хувьд УИХ-ын гишүүн Н.Батбаярыг ихэд үнэлдэг байсан хэмээн дурсан ярьсан. “Ухаантай хүн төрөхдөө л ухаантай байдаг юм” гэж Баасанцэдэн гуай өгүүлдэг байжээ.

Шагнал гардуулах үеэр УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Энэ өдрөөс эхлэн Таныг нутгийн зон олон, ард түмэн Улсын сайн малчин Дэмиднямбуу хэмээн дуудах боллоо. Өнөөдөр авсан цол тэмдгээ цаашид улам ахиулж, Хөдөлмөрийн баатар болохыг хүсэн ерөөе..” гэсэн юм.


Хөвсгөл, Сүхбаатар аймгийн үржил сайтай хуц авч хонин сүргийнхээ чанарыг сайжруулсан. М.Батбаатар, Б.Түвшинбаатар нарыг малжуулан хамтран ажилладаг. Өвөлжөө, хаваржааны худагтай. Булгаа хамгаалдаг, хадлан өвс, гар тэжээлийг сайтар бэлтгэдэг хэмээн нутгийн ард түмэн түүний тухай ам сайтай юм билээ.


Улсын сайн малчны шагналыг гардуулахаар УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат нараар ахлуулсан төлөөлөл мөн Өндөр-Улаан сумын Донгой багийн малчин Ишдоржийн Жамъянсүрэн, Эрдэнэбулган сумын 3-р багийн малчин Батбаатарын Ванданшарав, тус сумын 6-р багийн малчин Гочоогийн Ганбаатар, Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн малчин Банзарын Сандагсүрэн нарын хотонд очиж, Монгол Улсын төр, засгийн хүндэтгэлийг биечлэн уламжилсан юм.


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%