Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Монгол төрийн дээд шагнал "Чингис хаан" одонг Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Дэлхийн урлаг соёлын академийн хүндэт доктор, яруу найрагч Гомбожавын Мэнд-ооёод олгохоор боллоо.

2015-11-09

Тэрээр Явуугийнхаа "Хүлэг минь, шүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй" хэмээх алтан гэрээсийг санаж, дэлхийн их утга зохиолд монгол найргийн зөөлөн ай, аялгуу эгшиг, дархан цэцийг тамгалахаар зүтгэж буй. Дэлхийн яруу найрагчдын их хуралд жилийн жилд уригдан бичгийн мэргэдээ түүчээлэн очдог нь нэгэнт уламжлал болж дээ. Энэ удаад ч ялгаагүй өнөө л их гүүш Ж.Гэндэндарам, Готовын Аким гээд нөхдөө дагуулан Тайванийг зорьж байна.
2006 онд талын нүүдэлчид Монгол дэлхийн яруу найрагчдын их чуулган болж, энэхэн бөмбөрцөгийн эрхэмсэг гэгээн хүмүүс монголын тэнгэр дор чуулж, шүлэг найргаа өөр өөрийн хэлээр уянгалуулан дуудсан. Тив дэлхийн найрагчдад эх нутгийнхаа салхи савирыг амсуулж,  уншигч олонтойгоо уулзуулан яруу найргийн эрчимлэг долгионыг бүрэлдүүлсэн хүн нь Мэнд-ооёо байлаа. Хоёр мянга есөн онд унгарын Будапешт хотноо болсон их чуулганы үеэр "Поэт лауреат" алтан титмийг Монголын найрагч Гомбожавын Мэнд-Ооёод олгосон нь манай утга соёлын ертөнцөд тохиосон томоохон баярын нэг байв. Уг шагналыг АНУ-ын Калифорнид бүртгэлтэй Дэлхийн урлаг соёлын академийн удирдах зөвлөлийн шийдвэрээр олгодог юм гэсэн.
Ерөн есөн онд буюу эдүгээгээс 16 жилийн өмнө тэрээр токиод болсон дэлхийн яруу найрагчдын их хуралд "Яруу найраг дахь хувьсах ба үл хувьсах зүй тогтол хийгээд хүн төрөлхтний яруу найрагт монголчуудын оруулсан хувь нэмэр" хэмээх илтгэл тавьсан. Тэрхүү илтгэлдээ Монголын утга зохиолын ноён оргилууд болох "Монголын нууц товчоо", "Гэсэр", "Жангар"-ын зохиогч он жилүүдийн чанадад нууцлагджээ.  Монголын яруу найрагт суу билиг төгөлдөр яруу найрагчийг ХIХ зуун авчирсан нь Говийн ноён хутагт Данзанравжаа байлаа. Равжаа хутагт нь хүн төрөлхтний яруу найргийн сан хөмрөгт зүй ёсоор өөрийн байр суурийг эзэлж, дэлхийн суу билэгтний эгнээд жагсах ёстой. Түүний араас хорьдугаар зууны яруу найргийн тэргүүн Нацагдорж, Монголын уянгын яруу найрагт шинэ үзэгдэл болсон Явуухулан нарыг Дэлхийн яруу найрагт монголчууд бэлэглэсэн" гэж хүн төрөлхтний яруу найрагчдад дуулгасан юм.
Хоёр мянга таван онд Австралийн Сидней хотноо болсон Дэлхийн яруу найрагчдын их хуралд "Яруу найргийн эрчим хүчний шидэт долгион" хэмээх илтгэл тавьж шуугиан тарьсан удаатай. "Гэгээрэлд хүрэх хамгийн дөт зам" яруу найрагт буй. Ерөөс яруу найргаараа дамжин хүмүүний сэтгэлийг ариусгаж, дотоод ертөнцийн харанхуйд гэрэл гэгээ тусгаж, хүн төрөлхтний сэтгэл оюуныг гэгээрлээр ойртуулан найрсуулах, үл илтгэлцэл, цаг хугацаа, орон зай, хил хязгаарын зааг, хана хэрмийг арилгах явдал" хэмээн дэлхийн дахинд зарласан нь бий. Ингэж Мэнд-Ооёо Монголын яруу найрагчдыг дэлхийтэй холбох гүүр нь болж, өөрийн эрхэлдэг соёл, яруу найргийн академиар дамжуулан найрагчдынхаа бүтээлийг гадагш орчуулж, Монголын утга зохиолыг зохиолыг хөдөлгөөнд оруулж эхэлсэн юм.Өнөө жилийн Нобелийн энхтайвны шагналд түүний яруу найргийн бүтээлүүд нэр дэвшсэнийг ч дуулгахад таатай байна. Түүний бүтээл туурвилын тухай үе үеийн найрагч, эрдэмтэн мэргэд санал бодлоо хэлж, өөр өөрийнхөөрөө нээн тайлбарлаж ирсэн. Г.Мэнд-Ооёогий яруу найраг бол монгол нүүдэлчдийн оюун сэтгэлгээний оршихуй гэж хэлж болно.
"Аав минь намайг өвөр дээрээ суулгаж, өмнө минь хуураа тавиад уртлаг тунгалаг аялгууг нь дуурсгахад Дарьгангын "Жаахан шарга" үүрсэнхэн төвөргөж ирээд нутгийн уулс улам цэнхэртэж, ус булаг тунгалагшин, жигүүртэй шувуудын дуу яруусаж..... энэхэн бие хуур болоод аав намайг хуурданхан суух бөлгөө. Хээр талын хойморт морин хуурын аялгуугаар яруу найраг минь хөглөгдсөн билээ...." гэж тэрээр бичсэн нь бий.   Дарьгангаын домогт хуурчын хүү Монголын их утга соёлын сан хөмрөгт Алтан-Овоо, Дарьганга, Шилийн богдоо дархлан үлдээсэн. Түүний "Алтан-Овоо" хөлгөн судрын тухай ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнээс аваад олон хүн талархан бичсэн. Сэрүүн Галттайн Эрдэнэ баавай "Мэнд-Ооёо бээр яруу найраг болоод бусад нийтлэлүүддээ олныг нуршин улиглахыг чанд тэвчин гагцхүү хүн зоны оюун сэтгэхүйд гэрэл гэгээ авчрах тэр л нарийн шижмийг барьж авахыг хичээдгээрээ онцгой. "Алтан-Овоо" бол эх нутгийн дуулал мөн. Пантеист ариун сургаалыг номлосон өөр хүчтэй бүтээлийг би үл мэднэ" гэж дуу алдсан байдаг. Эрдэнэ баавай, Мэнд-Ооёо хоёр Мэгжид Жанрайсагийг бүтээн залахаас аваад соёлын түхэнд тод мөрөө үлдээсэн эрхмүүд юм. тэдний улбаалан эхлүүлсэн "Сувдан сондор" аялал Монголын түүх, зан үйл, соёл, археологийн нэгэн давтагдашгүй зам мөр болсон билээ.
"Алтан-Овоо" хөлгөн судар гарсны дараа Шагдарын Уянга найрагч "Гэрэлт хүмүүний босгосон бодь Алтан-Овоо" гэж бичсэн бол Монголын яруу найргийн гэрэлт хөвгүүн Жамъяангийн Болд-Эрдэнэ "Гангын нэгэн сондор" хэмээн Ооёогынхоо тухай халуун дулаанаар бичиж байлаа. Утга зохиолын наяад оныхны нэгэн төлөөлөгч, утга зохиол судлаач Ядамбатын Баатар "Мэнд-Ооёогын яруу найраг, хөлгөн судар нь хүн төрөлхтөн  тэр дундаа Монгол хүний оюуны ертөнцийн эрхэмсэг оршихуйг нээн үзүүлсэн байдаг. Яруу найргийн өндөр соёл гоо зүйг уран зохиолын хэлний эрхэмсэг тансаг найруулга, шүлэглэх ур чадвар болон гүн сэтгэлгээний нэгдмэл чанарыг хангасан байдаг юм" хэмээсэн бол "Дарьгангын гурвал"-ынх нь нэг Очирбатын Дашбалбар "Орчлон ертөнц надад найрсан нуугднам",  "Ирээгүй үзээгүй, мэдээгүй бүхэн намайг нээнэм" гэж бидний үеийнхний яруу найргийн зорилгыг Г.Мэнд-Ооёо тунхаглаж, тэр замаар ч бид явсан бүлгээ. Түүний бичсэн "Сэтгэлийн байгал" гэдэг тансаг шүлэг бидний бүх номын оршил, удиртгал болж, тэрхүү сэтгэлийн байгальдаа хүрэх гэж бид бүхэн өөр өөрийн замаар тэмүүлсэн юм гэж яруу тодоор илэрхийлсэн. Мэнд-Ооёо яалт ч үгүй Монголын утга зохиолын наяад оныхны түүчээ нь байлаа. Дагвадоржий Цогт, Жүмбэрэлийн Саруулбуян, Үржингийн Хүрэлбаатар, Ламзавын Мягмарсүрэн, Шагдарсүрэнгийн Гүрбазар, зураач Ц.Ойдов гээд "Гал" нэгдлийхэн ирийтэл жагсана. Цаана нь Дамбын Төрбат, Даваасүрэнгийн Чинзориг, Долгорын Цэнджав, Доржзовдын Энхболд, Бямбажавын Цэнддоо, Данзангийн Нямаа, Жамсрангийн Оюунцэцэг, Цэрэнтулгын Түмэнбаяр гээд мөн л наяад оныхон ар араасаа давалгаалан ханарна. Тэр дундаас хамгийн түрүүнд номоо гаргаж "Бодлын шувуу"-гаа нийсгэсэн нь Мэнд-Ооёо л доо.
Энэ найрагчийн тухай өгүүлэхүйд "Дарьгангы яруу гурвал" болох Дашбалбар, Нямсүрэнгийн тухай заавал ч үгүй дурсах болно.
"Намрын шөнө тооноор тусах сарны туяа
Намайг чамтай хамт цаламдан цагаан гэрлээр ороов
Найргийн од сэтгэлд харвасан энэ бүдэгэхэн туяанаар
Намуун шөнө чиний зүрхнээс шүлэг болон урсав
Хорин таван нас чиний мөрөн дээр
Гэгээн тэнгэрийн мөнгөн шувуухай болж
Гэрийн минь тооноор жиргэж буулаа...... хэмээн Балбар нь Баруун-Уртынхаа тэнгэр дор, тэртээд далаад оны дундуур Ооёодоо зориулан бичиж байжээ. Тэрээр Мэнд-Ооёогоо "Сарны шүлэгч" хэмээн тунхагласан. Үнэндээ шүлгүүд сартай шөний намуухан аялгуу мэт сэтгэл зүрхрүү зөөлөн тунгалагаар гэгээ татуулан урсдаг бүлгээ.
"....Голын наана явахад тэнгэр дуугарч, цахилгаан гялбаад
Гоо бүсгүй гутлаа тайлан хөл нүцгэн бороон дундуур гүйх ирж буй цаг
Нов ногоон дотор хуучин төмөр зуух бөөрөөрөө унаад
Нойт даан харлаж, чийгтэй өвс үмхлэх ирж буй цаг
Сэтгэлийн уяанд хүлэг морь гэрэлтэх дорно зүгийн шөнө
Сэвшээ зөөлөн салхи өмнөөс үлээх ирж буй цаг
Хаа эртний сайхан дуу шиг хаврын үүрээр шувууд ганганан
Харанхуй чинад чиний зүг алсрах ирж буй...." гэх гайхмаар гэгээн тунгалаг шүлгээ Нямсүрэн мөн л Ооёодоо зориулсан нь бий.
"..... Шар бүрдийн  зам шанзны утсан чичиргээтэй
Шаазан цахиур нь дууны аялгуутай
Шар бүрдийн нутаг Шамбалын орны туяатай
Шавилж суусан хүн нь Мэнд-Ооёо гэж бичиж байлаа
Мэнд-Ооёо найрагчийг бид
Эзэн бидний алтан хөмрөг
Энгүй тансаг байгальдаа хайртай
Эрэн зууны наран дэнлүү
Эрдэнэт хүний бүтээлд хайртай
Хүн төрөлхтнийг хэвлээсээ төрүүлж
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж тандаа бид хайртай
Дэлхий ээж тандаа хайртай болохоор
Дэлхий ээж та мөнх настай.... гэх дуу хийгээд олон бүтээлээр нь мэднэ. Түүний шүлгүүдээс ямар нэгэн нэмэр, хачир, энэ тэрээ тодорхойлолтгүйгээр хүргэе л дээ.
" Ор санаандгүй явтал он цаг яаран нисч ирнэ.
Бор талын зоо нялхарч дэлхий ээж дэлгэнээд
Өвсний үндсэс хурын шимийг хөхөж ханаад
Эвт шувуудын цуваа үүлэн сүвэгчийг сүвлээд
Морин зэргэлээнд уул толгодын суудал солбиод
Урин цагийн амьсгал хүзүү заамаар шургаад
Энгэр газар нарны алтан учгаар цэцэг хатгаад
Ээлжлэн хувьсах цагийн жам нэхэж он цаг яарсаар нисч одном
Үүлэн гивлүүрийн чанадаас саран шагалзсаар гарч
Бүрдан уснаа ороод ичингүйрэн цэмцэгнэх үеэс
Цэргээс буусан залуу болзоод хүндээ зориод
Цэвцгэр шаргын задгай суман хатираанд он цаг нисч ирнэм.
Дунайсан шөний сэвлэг цагаан туяаг гишгээд
Дууны сайхан эгшиг бие биедээ уусахуйд
Амьтай болгон нам гүм болж хайртай хосод найр тавиад
Айл саахалтаар төдхөн хуримын урилга тарааж он цаг нисч одном..... Сүүлд "Гэрэлтэх агшин бүр", "Хэсэг цагаан манан" тэргүүт уран бүтээлийн хоёр туурвил хэвлүүлсэн юм. Түүний эдгээр бүтээлүүдийн тухай Дэлхийн нэртэй найрагч утга соёлын зүтгэлтнүүд  үгээ харамгүй хайрлажээ. Тухайлбал, Энэтхэгийн утга зохиол судлаач Шаалин Кумар Сингх "Гэрэлтэх агшин бүр" хэмээх яруу найргийн энэхүү номоороо дамжуулан нүүднлчдийн амьдрал уламжлалт ахуй заншлыг маш нарийн мэдрэмжээр нээн гаргаж чадсан байх тул түүний номыг "Номадизмын дуулал" хэмээн нэрлэж болмоор санагдана " гэсэн байна. японы нэрт яруу найрагч, соёл нийгмийн зүтгэлтэн Икеда Дайсаку "Миний бие тан гэгээлэг сайхан ном буюу сэтгэлтэй чинь танилцаад гүнзгий сэтгэгдэл төрлөө Хувь хүнийг ч бай, нийгмийг ч бай салган төөрч байгаа өнөө үед, "яруу найргийн сэтгэл" л хүнийг хүнтэй холбох хүч хүмүүнлэг сэтгэлийг тэжээх газар, амь насыг гэрэлтүүлэх оюун ухааны талст болно" гэжээ. "Түүний шүлгүүд үнэхээрийн сэтгэл хөдөлгөм Амьдралых нь зорилго бол "хуучин сүмийн дээгүүр саран мандахад" хэмээх шүлэгтээ хэлсэн шиг "Зүрх сэтгэлээсээ, бурхны гэрэл цацруулахын эгээрэл" хүсэл нь юм. Ямар агуу сэтгэлгээ бэ хэмээн Дэлхийн урлаг соёлын академийн ерөнхийлөгч асан Жастин Мохан хэлснийг нэмээд шигтгэе.
Г.Мэнд-Ооёо найрагч сүүлд Равжаа хутагтын тухай "Гэгээнтэн" хэмээх роман туурвисан нь утга зохиолын хүрээнд багагүй шуугиан дэгдээсэн юм. Утга зохиолын нэрт судлаач Чойжилжавын Билигсайханаас аваад олон мэргэд үгээ хэлснийг санаж байна. уг бүтээлээ туурвисны дараахан тэр жилийн урин хавраар Хангайн нуруу Идэр их мөрнийг хамтдаа зорьж явсансан. Равжаа хутагтын авшигтай ногоон хашнаас рашаан хүртэж, мань хүн нэг л гэгээрлийг олсон мэт гэрэл цацруулан явж билээ. Өнөө жилийн босгон дээр "Шилийн богд" романаа мөн л уншигчдын гар дээр тавьж утгын яруу нөхдөөсөө талархал хүлээсэн. Ийнхүү Монголын утга зохиолын нэгэн сод төлөөлөгч, эрхэмсэг ялдам найрагч, дэлхийн дэвжээн Монгол найргаа гаргахын төлөө зүтгэж яваа Гомбожавын Мэнд-Ооёогын тухай товчхон өгүүлэхэд ийм байна.

Эх сурвалж:
Өдрийн сонин 2015 оны 11-р сарын 04 өдрийн дугаар Гэрэлтэх агшин бүр хийгээд Гомбожавын Мэнд-Ооёо тухай нийтлэлээс. Н.Гантулга         
          

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 181
175 / 97%
6 / 3%