Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ХҮНИЙ ХӨГЖИЛД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДДОГ

2015-11-25

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч 2-р сургуулийн сургалтын менежер Н.Гэрэлчулуунтай ярилцлаа

-Багш мэргэжлийг яагаад сонгох болов? Хэд дэх жилдээ ажиллаж байна?

-Арван жилд байхад багш болно гэж төсөөлж байсангүй. 2005 онд МУИС-ийг физикч мэргэжлээр төгссөн. Удирдлагын академийг менежерийн удирдлага мэргэжлээр төгссөн, боловсрол судлалын магистр зэрэгтэй. Сургуулиа төгсөөд шууд аймагтаа ирж тэр зунаа машин угаалгын газар ажиллуулдаг байсан. Уг нь их сургуулийн багш нар маань сургуульдаа үлдэх, цааш суралцуулах, судалгааны ажил хийлгэх хүсэл их байсан. Олон ч санал дэвшүүлж байлаа. Би ч тэр үед судлаач эрдэмтэн болно л гэсэн хүсэл эрмэлзэлтэй залуу байсан. Тэр намар засварынхаа газар ажиллаж байтал 2-р сургуулийн Даваадулам захирал надтай уулзаад манайд физикийн багшийн орон тоо байгаа гэдэг юм байна. Өмнө нь физикийн багшийн ажил сураглаж байсан болохоор хувь төөргөөр энэ сургуульд орж ажлынхаа анхны гарааг эхэлсэн дээ. Одоо 11 дэх жилдээ энэ сайхан хамт олон дунд ажиллаж байна. Сүүлийн таван жил сургалтын менежер хийж байна.

-2-р сургуулийн барилгын асуудал багагүй хэл ам дагуулдаг? Аймгийн ИТХ дээр ч яригддаг. Шинэ барилгын асуудал юу болсон бэ?

-Манай сургууль 1957 онд ашиглалтанд орж байсан юм билээ. Хүнээр бол 58 настай гэсэн үг. Миний мэдэхийн сүүлийн таван жилд хэд хэдэн удаа холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ барилгад цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн үг. Тиймээс манай сургуулийн удирдлагууд шинэ хичээлийн байр барих үйл ажиллагааг эхлүүлэх талаар шат шатны хүмүүст хүсэлтээ өгөөд шийдэгдэхгүй байсаар өнөөг хүрлээ.

Миний хувьд аймгийн Иргэдийн хуралд хүртэл асуудлыг тавьж байсан. Засаг дарга Хятадын буцалтгүй тусламж, концессын гэрээ гэх мэт ямар нэгэн байдлаар шийдэж өгнө гэж хурал дээр хэлж байсан та нар санаж байгаа байх. Гэтэл өнөөг хүртэл энэ асуудал ахиц муутай байна. Бид УИХ-ын дэд даргыг аймагт айчлах үеэр сургуультайгаа танилцуулж байсан. Манай сургууль 100 гаруй багш ажилтантай, 1300 гаруй хүүхэд сурч хүмүүждэг. Нэг л өдөр шинэ сайхан хичээлийн байртай болно гэсэн хүсэл эрмэлзэлтэйгээр сургалтынхаа үйл ажиллагааг хэвийн явуулж байна даа.

-Мөнгийг та юу гэж үзэж, үнэлдэг вэ?

-Би арван жилд байхын л мөнгөтэй холбогдож ирсэн. Намайг таньдаг миний үеийн хүүхдүүд сайн мэдэх байх, аймагт анх компьютер тоглоомын газар буюу SEGA тоглоомыг тоглуулж маш олон найзтай болж билээ. Цаг нь 500 төгрөг байх тэр үед хамгийн их мөнгөтэй хүүхэд байлаа. Мөн тэр үед одоо энэ “Гэгээн наран”-г дугуй унуулж тойруулаад хүүхдүүдээс мөнгө авдаг байсан. Тэр үеэс л мөнгөний үнэ цэнийг мэдэрч ирсэн дээ. Гэхдээ мөнгийг шүтээд шунаад байдаггүй. Хэн нэг нь мөнгө гуйхад өгчихдөг, тийм л өглөгч хүүхэд байсан. Мөнгө бол зүгээр л хийсээд ирдэг зүйл биш хүн сэтгэж, ажиллаж байж л мөнгөтэй болно. Гэхдээ зөв байх. Хэрвээ буруу замаар олбол нөгөө үйлийн үр гэдэг нь байдаг юм шиг байгаа юм. Юу тарина тэрнийгээ хураана гэж үг байдаг байхаа. Залуучуудад хандаж хэлэхэд мөнгийг шүтэх нь тийм ч сайн зүйл биш. Харин олох хэрэгтэй, олохын тулд ажиллах хэрэгтэй, олсон мөнгөө зөв зарцуулах хэрэгтэй. Зарцуулж сурна гэдэг бас чухал чадвар шүү.

-Гаднаас нь харахад зарим нэг нь жаргаж, өөр нэг нь зовж явах шиг. Хүний амьдралын зовлон, жаргалын шалтгаан юунд байдаг юм бол?

-Их том асуулт байна, гэхдээ өөрийнхөөрөө хариулъя. Би энэ талаар олон ном уншиж байсан. Зовлон жаргалын шалтгаан нь тухайн хүн өөрөө. Сонин байгаа биз, нэг амьдрах хугацаандаа жаргалтай байх уу, зовж амьдрах уу гэдэг нь өөрөөс нь л шалтгаалдаг байх нь. Эцэг эхийн сайхан хүмүүжил байсан ч гэсэн амьдрал дээр хөлөө олж чадахгүй эсвэл ямар нэгэн өвчинд дийлдэх гэх мэт зовлонгийн шалтгаан олон байна. Дэлхий дээр олон сая амьд амьтан байна. Тэр дотроос оюун ухааны өндөр түвшинд хүрсэн амьтан бол хүн. Өөрөөр хэлбэл хүн юу бодож сэтгэж байна, түүнийгээ үйлдэл болгодог чадвартай, өдрийн туршид бодож байдаг амьтан юм. Бид ухаан бодлоо зөв удирдаж чиглүүлж чадваас бүх асуудлыг зөвөөр шийдэж чадна. Тэгэхээр бидний амьдрал бол бидний бодож байгаа зүйл юм.

-Улс төрд орох болсон шалтгаан? Аймгийн ИТХ-ын хамгийн залуу төлөөлөгч шүү дээ?  

-2005 онд сургуулиа төгсч ирчихээд ажиллаж байхдаа улс төрийн талаар боддог ч үгүй байж. Гэхдээ нийгмийг үзэх үзэлтэй өөрийн гэсэн бодолтой тийм л залуу байлаа. Тэр жил НАМЗХ-оос зохиож байсан томоохон арга хэмжээнд анх орж, өөрийн үзэл бодлыг энэ залуучуудын байгууллагаар дамжуулж ойлгуулж болох юм байна гэж бодож элссэн. Ертөнцийг үзэх үзэл маань ч тэлж их зүйлийг сурсан. МАН бол залуучуудыг дэмждэг тэдний сургаж хүмүүжүүлж чаддаг улс төрийн хүчин гэдгийг би өөрийн биеэрээ мэдэрсэн. Миний адил олон залуучууд үүнийг хүлээн зөвшөөрөх байх. Би 2012 оны орон нутгийн сонгуульд намын квотоор нэр дэвшиж аймгийн ИТХ-ын хамгийн залуу төлөөлөгчөөр сонгогдож байлаа. Нөгөө талаар манай нам надад маш их итгэл, хариуцлага хүлээлгэсэн. Би ч өөрийн мэддэг чаддаг бүх л зүйлээ дайчлан ажиллаж байна.

-Сэтгэл эмзэглэж явдаг зүйл?

-Миний хувийн характер аливаа асуудлыг хүндрүүлж бодох дургүй, аль болох л энгийн тайван замаар шийдвэрлэхийг хүсдэг. Тэгэхээр сэтгэл эмзэглэх зүйл бага байдаг. Энэ нь өөрт амар байдаг юм. Гэхдээ нийгэмд олон асуудал байна. Жишээ нь цахим ертөнц, мэдээ, хүмүүсийн сэтгэгдэл гээд өнөөгийн түвшинд асуудал их үүсгэж байна. Мэдээллийн хурдтай энэ нийгэмд үнэн зөв бодитой мэдээлэл хэрэгтэй. Гэтэл хяналт, замбараа алга, хэн дуртай нь үзэл бодлоо илэрхийлж байна. Энэ бүгдийг өсвөр насны хүүхдүүд их уншиж, үлгэр дуурайл авч байна. Цахим ертөнцөөс болж нийгэм буруу тийшээ хазайж байна гэдэгтэй бүгд санаа нийлэх байх.

-Аймаг орон нутгийнхаа хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Байшин барилга шинээр баригдаж зам харгуй сайжирч сайхан л болж байна. Гэхдээ нэг асуудал байна. Хөгжил гэдгийг юу гэж ойлгох вэ? Миний хувьд хүний хөгжилд анхаарах хэрэгтэй гэж бодож явдаг. Бид эхлээд хүнээ сайн хөгжүүлж чадваас тэдний боловсролын түвшин дээшилж, боломж олдож бидний хүсээд байгаа эрүүл нийгэм бий болно. Өнөөдөр манай аймгийн хэмжээнд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар хомс. Кино театр, цэцэрлэгт хүрээлэн, парк хэрэгтэй байна. Эрдэнэбулган сум хот болох болзол хангагдсан гэж үзэж байгаа юм билээ хот болж болно. Гэхдээ яг өнөөдөр хотод байдаг наад захын үзвэр үйлчилгээ байхгүй л байна. Үйлчилгээний байгууллагууд нь 11, 12 гээд бүгд хааж байна. Хот ямар байдгийг бид мэдэж байгаа. Тэнд иргэдийнх нь залуучуудынх юу хүсэж мөрөөдөж байна тэр бүгдийг хийчихсэн байгуулчихсан байдаг. Тэгэж байж энэ орон нутагт залуучууд маань ажиллаж амьдрах болно ш дээ. Намайг төгсөөд ирхэд миний үеийн залуучууд ихэнх нь хотод үлдэж байсан. Өнөөдөр хүртэл залуучууд маань буцаж ирэхгүй л байна. Энэ бүгдэд нэг шалтаг байна. Манай аймаг хүн ам бага учраас зах зээл сайн хөгжихгүй, хөгжил удаан байна. Төрийн мөнгөөр зөндөө л бүтээн байгуулалт хийлээ. Миний хувьд энэ нийгэмд ард иргэдээр өөрсдөөр нь баялаг бүтээлгэх хэрэгтэй гэж боддог. Юм хийж бүтээе гэсэн олон хүмүүс байна. Тэд нарт дэмжлэг, зээл олгох хэрэгтэй. Зээл нүдээ олох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл яг юм хийе бүтээе гэж байгаа хүмүүсээ ажиллуулах хэрэгтэй.

-Залууст тулгамдаж буй асуудал? Гарах гарц?

-Нэг л жишээ авъя: Өнөөдрийн нийгэмд залуучууд, гэлтгүй хүн бүр зээлтэй байна. Энэ маш том асуудал. Зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Унаж буй машин, амьдарч буй гэр, хэрэглэж буй эд зүйл хүртэл зээл. Ийм л хувьтай юм болов уу гэж бодогдох үе ч бий. Бидний аав ээжийн үед зээл гэж юу байдгийг мэддэг ч үгүй байсан гэсэн. Тэр үед хүн байсан уу, байсан хэрэгцээ байсан уу, байсан, болж л байсан. Гэтэл бид юу уруу яваад байгаа юм бол гэж бодогдох. Би энэ техникийн хэт хурдацтай хөгжлийг дэмждэггүй. Хөгжилтэй орнуудыг хараад байхад бүх юм хиймэл болоод байна. Яг өнөөгийн нийгэмд энэ бүгд асуудал болоод байна. Зээлээ төлж чадахгүй, олсон мөнгө нь хэрэгцээнд хүрэхгүй байна. Бодит байдал ийм л байгаа. Түүнээс бус миний бодлоор залуучууд дор дороо амьдрах гэж хичээж байгаа. Дэмжлэг л хэрэгтэй.Үүнд чиглэсэн төрийн бодлого яг одоо хэрэгтэй байна. Дэмжээд өгвөл залуучууд маань гадаадад очиж хүнд хүчир, муу муухай зүйл хийх гэж хүсэх вэ дээ. Эх нутагтаа л сайхан ажиллаж амьдрахыг бодно биз дээ.


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%