Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ХӨГЖЛИЙН СУУРЬ ЗӨВ ТАВИГДАЖ БАЙНА ГЭЖ БОДДОГ

2015-11-27

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн ЗДТГ-ын Хөшжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Оюунчимэгтэй аймгийн ИТХТ-ийн ажлын албаны ажилтан Л.Соёлмөнх ярилцлаа.

Боловсролын салбарт чамгүй олон жил ажилласан хүний хувьд энэ салбарын шинэчлэлийн талаарх таны бодлыг сонсмоор байна

Өмнөх боловсролын систем зөвхөн онол руу буюу олон төрлийн мэдлэг эзэмших тал руу чиглэсэн байдаг.Олон төрлийн мэдлэгийг эзэмших гэдэг бол зайлшгүй хэрэгтэй зүйл хэдий ч тэр олж авсан онол мэдлэгээ амьдрал, практикт хэрэглэж сурахгүй бол он цагийн урсгалаар бидний тархинаас арчигдаад л өнгөрнө шүү дээ. Харин өнөөгийн боловсролын шинэчлэл нь мэдлэгийг өөрсдөө бүтээж, түүнийгээ амьдрал ахуйдаа хэрхэн буулгах арга зам, чадвар руу чиглэж, бие даан суралцах арга барилтай, эх оронч, хүмүүнлэг иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж өгч байгаагаараа давуу талтай. Мэдлэгийг баялаг болгон бүтээх чадвартай зөв монгол хүн төлөвшүүлэх бол хамгийн чухал зүйл. Манай аймгийн хувьд  боловсролын байгууллагын үйл ажиллагаанд чанарын харагдахуйц өөрчлөлт гарч байна. Тухайлбал 2013 онд ЭЕШ- аар улсын хэмжээнд 17-р байранд байсан бол 2015 онд 7-р байранд орсон нь чамлахааргүй амжилт. Аймгийн Засаг даргийн санаачилгаар “ Математик”  хөтөлбөр хэрэгжиж,  хөтөлбөрийн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулагдан, үр дүнгээ өгсөөр байгаа төдийгүй нутгаа бүх талаар нь судалж мэдэх гарын авлагатай боллоо.

Хөгжлийн бодлогын хэлтэст хөдөө аж ахуй, байгаль орчин, газрын харилцаа гээд чухал салбарын бодлого төлөвлөлт хамаардаг. Хэлтэсийн даргаар ажиллах саналыг хэрхэн хүлээж авч байв?  Ажлаа юунаас эхэлсэн, одоо эргээд харахад ямар чухал ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна вэ?

ҮХААГ, БОАЖГ, ГХБХБГ, Авто тээврийн үндэсний төвийн аймаг дахь салбар, Цаг уур орчины шинжилгээний газар, Холбоо мэдээлэл технологи гээд олон чухал салбар, газар агентлагууд манай хэлтэсийн харьяанд байдаг бөгөөд бид эдгээр газар агентлагуудыг зөв бодлого төлөвлөлтөөр ханган ажиллах чиг үүрэгтэй. Улс орныхоо, аймгийнхаа хөгжлийн талаар сэтгэлээ чилээж явдаг байсны хувьд хөгжлийн асуудалд өөрийн оюун ухаанаа дайчлан гар бие оролцон, баг хамт олонтойгоо хамтран ажиллах болсондоо байртай байсан. Бид 20-30, түүнээс ч олон жилийн дараах Архангай аймгийнхаа хөгжлийн загварын төслийг гаргаж, хүрч болох ирээдүйн хөгжлинхөө маш сайн зөв тавих ёстой л доо. Үүний тулд бид шат шатандаа багаараа хичээн ажиллацгааж, тодорхой үр дүнд хүрч байна. Би энэ ажлаа аваад тун удалгүй аймгийнхаа 19 н сумаар бүтэн сарын турш яамдын болон аймгийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй хамт явсан. Ингэж явахдаа тухайн сумын онцлог давуу тал, хүн ардынх нь амжиргаа, амьдралын хэв маяг , хөгжлийн түвшин суурь үйлчилгээний болоод орон нутгийн өмчит барилга байгууламжийн насжилт, чанар тулгамдаж буй асуудлууд, баг, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн хуваарилалт, зарцуулалт, зр өгөөж, төсөв төлөвлөгөө, ЖДҮ-г хөгжүүлэх зээл эзэндээ хүрч, үр дүн гарч байгаа эсэх, өрхийн үйлдвэрлэлийн явц, хөдөлмөр эрхлэлт, төрийн байгууллагын ажилчдын үйл ажиллагаа, алдаа оноо гээд бүхий л  зүйлийг цогцоор нь судалж, иргэдийн санал бодлыг сонсож, хэрэгцээ шаардлагыг нь тодорхойлсон. Сум бүрт иргэдийн нийтийн хурлыг хуралдуулан иргэдийн саналыг авч нэн шаардлагатай хөрөнгө оруулалт шаардагдсан төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг гаргуулан, эрэмбэлүүлж аймгийнхаа  хөгжлийн загварын төслийг боловсрууллаа. Их бүтээн байгуулалт, хөгжлийг цогцлоон  иргэдийнхээ эрүүл аюулгүй цэвэр орчинд тав тухтай амьдрах нөхцөлийг бий болгож амьдралын чанарыг дээшлүүлэхэд нэн чухал нь дэд бүтцийн асуудлыг шийдэх байлаа. Бид энэ асуудлыг шийдэж чадсан. Одоо эргээд харахад “Ажилтай орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд бүх сумдад ахуй үйлчилгээтэй болсноор ажлын байр нэмэгдсэнээс гадна иргэд маань сумандаа энэ үйлчилгээнүүдийг авдаг боллоо. 2013 онд 2036, 2014 онд 2015,2015 оны 11-р сарын байдлаар аймгийн дүнгээр 985 ажлын байр шинээр бий болсон байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, бизнест ээлтэй орчин бүрдүүлж өгснөөр хувийн хөрөнгө оруулалтаар 454 айлын 13 орон сууц, шинээр ашиглалтанд орж, баялаг бүтээгчид маань бүтээгдэхүүнээ сав баглаа боодолтой болгон нэр төрөл хэмжээг нэмэгдүүлсээр байна. Аймаг орон нутагтаа төдийгүй Улаанбаатар, ӨМӨЗО-ы Эрээнхот, Хөх хотод эдийн засгийн форум, үзэсгэлэн худалдаанд оролцож, зах зээлээ хөгжүүлж байна. Тухайлбал: гол нэрийн бүтээгдэхүүнээс энэ оны 11-р сарын байдлаар талх, нарийн боов, гэрийн модон тавилга, хүрмэн блок, вакум цонх, дулааны үйлдвэрлэлийн хэмжээ 0,2-98,2 %-иар нэмэгдлээ. Мөн үйлдвэрүүд 4056,4 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулсан нь өнгөрсөн оныхоос 17,9 хувиар илүү байна. Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, бэхжиж байна.

Дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хийсэн ажлуудаасаа дурдаач?

Солонготын даваа хүртэлх 100 км хатуу хучилттай зам энэ сард ашиглалтанд орсноор Тариат, Цахир сумдын иргэдэд хатуу хучилттай замаар зорчих боломж бүрдлээ. Бид Цэцэрлэг хотоо Ирээдүйн хөгжлийг тооцож хийсэн дэд бүтцийн шугам, сувагчлалууд бүхий засмал замтай болгосон. Энэ зам маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гарц, явах зурвас бүхий явган замт, агаарын бохирдол, тоосжилтыг багасгахад ач холбогдол бүхий ногоон байгууламж, зогсоол талбай, гэрэлтүүлэг дугуйн замыг цогцоор нь шийдсэн. Мөн эрчим хүчний өргөтгөл, шинэчлэл хийгдэж, усан хангамж нэмэгдэж, гэр хорооллын 582 айл өрх нь цэвэр ус, бохирын шугам, сүлжээнд холбогдсон нь иргэдийнхээ тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн хот боллоо. Булганхангай хорооллын дэд бүтцийг ч бүрэн шийдвэрлэлээ. Сумдууд маань мөн өөрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн шинэчлэл, бүтээн байгуулалтуудыг хийж байна гээд дурдаад байвал олон ажлууд байна. тодорхойлсон хөгжлийн чиг хандлагуудаа хөгжүүлэхийн тулд малын чанарыг сайжруулах хөтөлбөр, аялал жуулчлалыг дэд хөтөлбөрүүдийн хүрээнд олон ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Эрүүл чийрэг Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд Батцэнгэл, Тариат, Өгийнуур сумдад Эрүүл мэндийн төв шинээр баригдаж, зарим сумдад эмнэлгийн барилгыг засварлан, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангаж, ажиллах, үйлчлүүлэх нөхцөлийг сайжруулсан. Түүнчлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт иж бүрэн оношлогооны лаворатори, тоног төхөөрөмжтэй болж, ажиллах боловсон хүнийг бэлтгэснээр иргэд маань олон төрлийн оношлогоо шинжилгээг орон нутагтаа хийлгэдэг боллоо.

Эрдэм боловсролтой Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд Чулуут суманд 150 ортой, Ихтамир суманд 100 ортой цэцэрлэгүүдийг, Булган суманд 320 суудалтай сургууль, Спорт заал, Батцэнгэл суманд соёлын төв, Цэцэрлэг суманд 75 ортой дотуур байр, Хашаат суманд спорт заал, Эрдэнэбулган суманд 150 ортой 2 цэцэрлэг, 100 ортой дотуур байр, Спортын төрөлжсөн сургууль, Хүүхдийн номын ордон зэргийг шинээр барьсан. Төвшрүүлэх, Хангай, Цахир, Эрдэнэмандал зэрэг сумдад хичээлийн байр, Өндөр-Улаан суманд спортын заал, Эрдэнэбулган суманд Хүүхэд залуучуудын соёл үйлчилгээний цогцолбор, Усан бассейны барилга зэргийн барилга угсралтын ажил хийгдэж байна. Үүнээс гадна сургууль, цэцэрлэгийн барилгуудыг засварлаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангаж байгаа нь хүүхдийг сурч боловсрох, хүмүүжихэд нь таатай орчин бүрдэж байгаа юм. Сургалт, хүмүүжлийг чанаржуулах олон хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. Аюулгүй орчинтой Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, энэ хүрээнд олон ажлуудыг хийж байгаа зэрэг олон зүйлийг дурдаад байхаар байна.

Таны зүгээс аймаг орон нутагтаа хийж хэвшүүлмээр бодож мөрөөдөж явдаг ямар зүйл байна вэ?

Тиймээ мөрөөдөлгүй яахав мөрөөддөг. Мөрөөдөл, хүсэл хоёр маань нэг чигт байхад мөрөөдөл биелэнэ. Аймаг маань хол биш ойрын хугацаанд хөгжилтэй орны гоё хотууд шиг иргэдийнхээ амьдралын чанарыг хангасан, эдийн засгийн хувьд бие даасан, үйлдвэрлэгч, экспортлогч, бүтээгч аймаг болж, аялагчдын цуваа тасардаггүй, бум бужигнасан аймаг болсон байхыг мөрөөддөг. Цэцэрлэг хот маань л гэхэд тийм хот болох баялаг бий. Тэр нь юу гээч, үзэсгэлэнт Булган уул маань байна. Түүний хоёр талаас хотоо эмжин урсах хоёр сайхан гол горхи, тордон цэцэглүүлж болох ногоон байгууламжууд нь байгалиас бидэнд өгсөн бэлэн баялаг юм. Бид үүн дээрээ тулгуурлан маш гоё хоттой болж болно. Хөгжлийн бодлого, хариуцлагын тогтолцоо зөв байгаа цагт энэ мөрөөдөл маань ойрхон байна даа.

Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Тариатчуудаа төлөөлөөд гурван жил боллоо. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил их л байх?

Сонгуулийн үед иргэдтэйгээ уулзаад явж байхад сум, орон нутгийн тухай мэдээлэл огт авч чаддаггүйгээс болж иргэд, малчид маань зээлд хамрагдаж чаддаггүй, ноосоо буруу ченжид тушааснаас болоод урамшууллаа авч чадаагүй зэрэг олон гомдлууд гарч байсан тул сумандаа сум орон нутгийн мэдээллийг цаг алдалгүй хүргэхийн тулд жижиг сонин гарган, мэдээллээ түгээдэг байх зүйтэй юм байна гэж шийдсэнийг сумын удирдлагууд маань хэрэгжүүллээ.

Мөн сумын эмнэлэг, сургуулийн засвар, Суман голын гүүр, Цагаан нуурын ус бохирдож, усны түвшин багасч байгаа тухай зэрэг олон асуудлууыг шийдэж өгөх иргэдийн хүсэлтийг энэ гурван жилд бид биелүүлсэн. Аймаг сумын, ОНХС-ийн хөрөнгөөр багийн төв барих, засварлах, Тэрх багийн төвийг эрчим хүчинд холбох, багийн эмч нарыг унаажуулах, багийн эмчийн байр барих, ой хамгаалагчийг унаажуулах зэрэг олон бүтээн байгуулалтын ажлуудыг хийцгээлээ. Цагаан нуурын эко системийг хамгаалах ажлыг хийж, усны түвшинг дээшлүүлэх зорилгоор 100 га-д ойжуулалт хийлээ. Мөрөн баг маань Мобикомын сүлжээнд холбогдож, Хаан банкны салбартай болж, цэцэрлэгийн тоног төхөөрөмжөөр хангагдсанаар   алслагдсан багуудын тулгамдсан асуудлуудаас шийдэгдээд байна. Иргэдийнхээ тав тухтай амьдралыг хангах зорилгоор сумын төвийн шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%