Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг энэ сарын 21-23-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллаж, "Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт орон нутагт", "ХАСХОМ мэдүүлэхэд анхаарах асуудал" сэдвээр төрийн байгууллагын удирдлагууд болон ХАСХОМ гаргах эрх бүхий албан тушаалтнууд, төрийн албан хаагчдад сургалт хийлээ. Мөн Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор баталсан "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг танилцуулсан юм. “Транспарэнси интернэшнл” байгууллагын судалгаагаар Монгол Улсын Авлигын төсөөллийн индексийн утга 39 оноо буюу дэлхийн 168 орноос 72-т орсон үзүүлэлттэй байдаг. Эл үзүүлэлтийг сайжруулах түүнчлэн төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх зорилгоор “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь дараах 11 зорилтыг багтаасан бөгөөд 6 жилийн хугацаанд буюу 2016-2019, 2020-2023 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Үүнд,
Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх, ёс зүйг дээшлүүлэх
Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх
Төсөв, санхүү, аудитын ил тод байдлыг хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх
Худалдан авах ажиллагааны хяналт, хариуцлага,үр ашгийг нэмэгдүүлэх
Шүүх эрх мэдлийн байгууллагын шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах
Хувийн хэвшил дэх авлигын эрсдлийг бууруулах, өрсөлдөөний шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх
Иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагын идэвх санаачилга, оролцоог дэмжих
Чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг сайжруулах
Улс төрийн хүрээнд шударга ёсыг бэхжүүлэх
Авлигын эсрэг боловсролын түвшинг нэмэгдүүлэх
Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн зорилтууд багтаж байна. Зорилтын хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг батлан шат шатанд хэрэгжилтийг ханган ажиллаж эхлээд байгаа юм. Уг хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр авлигатай тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, нийтийн албанд цогц шинэтгэл хийх үйл ажиллагаа эрчимжих, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоо, хяналт сайжрах, төрийн байгууллагад итгэх иргэдийн итгэл нэмэгдэх зэрэг үр дүн гарна гэж үзэж байна.
Сургалтанд 200 гаруй удирдах албан тушаалтан болон төрийн албан хаагчид хамрагдлаа.
