Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ХАМГИЙН ОЛОН НОХОЙТОЙ СУМААР ШАЛГАРАХ ВИЙ ДЭЭ

2016-09-26

Сүүлийн саруудад нохойд уруулсан гэх хүмүүс Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт хандах нь ихэсжээ. Зөвхөн энэ сард л гэхэд эмнэлэгт хандан анхан шатны тусламж авсан дөрөв, хөнгөн уруулсан, зөвлөгөө аваад явсан хүний тоо 10 гаруй болжээ. Харин 7, 8-р сард нохойд хазуулж, эмнэлгийн үйлчилгээ авсан тохиолдол 23 байна. Үүний цаана эмнэлэгт хандаагүй иргэд ч цөөнгүй байгаа болохоор дээрх тоо өсөх нь ойлгомжтой. 
Нохойд хазуулсан иргэд цаг алдалгүй буюу 24 цагийн дотор эмнэлэгт хандаж шархаа цэвэрлүүлэн, шаардлагатай үед боолт хийлгэж, галзуугийн эсрэг вакцинд заавал хамрагдах ёстой. Түүнчлэн тухайн жилдээ багтан таван төрлийн вакцин хийлгэх шаардлагатай байдгийг иргэд тэр болгон мэддэггүй. Гэвч заавал хийлгэх ёстой вакцин аймгийн хэмжээнд өнгөрсөн 7-р сараас хомсдолтой байж байгаад 8-р сараас улсын хэмжээнд тасраад байгаа гэнэ. Одоогоор аймгийн Эрүүл мэндийн газрын нөөцөд хоёр хүн тун галзуугийн вакцин л байна. Өнөөдрийн байдлаар нохойд хазуулсан иргэдэд шархыг нь цэвэрлэж, боолт хийгээд л явуулж байна. Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй өвчний нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин. Галзуу өвчин үүсгэгч вирус агуулдаг амьтны нэг нь нохой. 
Иргэдийнхээ амьд явах наад захын нөхцлийг хангахад чиглэсэн аюулгүй орчин бүрдүүлэх нь төрийн үүрэг. Мөн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн хүрээнд нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний байр, эм тариа хүн бүрт хүрэлцэхүйц хэмжээнд байх ёстойг ч хүний эрхийн хууль дүрмэнд заасан байдаг. Гэтэл өнөөдөр нохойд урууллаа гэхэд хийлгэх вакцингүй, гараад явахад нохойд уруулахгүй гэх баталгаагүй, хүүхдээ сургуульд нь сэтгэл амар явуулж чадахгүй, гудамжаар тайван ч алхах нөхцөлгүй болсон байна. Шийдвэр гаргах түвшний удирдлагууд нохой устгалд хэдхэн төгрөг тавьчихдаг. Эцэст нь устгалын ажлыг аймаг, хот дамжин байж анчин урьж гүйцэтгүүлдэг Хот тохижилт үйлчилгээний газрынхан ажлаа хийдэггүй муу нэр аваад л үлддэг. Золбин нохой хэрээс хэтэрлээ, дорвитойхон устгах төсөв хүрэлцэхгүй байгаа тухайгаа Эрдэнэбулган сумын Засаг даргаар дамжуулан аймгийн Засаг даргад уламжилсан ч байгаа төсвөөрөө аргал гэсэн хариг ХТҮГ-ын дарга сонсчээ. 
Мал шигээ өсчихсөн нохой нийтийн эзэмшлийн зам талбай, гудамжийг бохирдуулж бааж шээн, соёлжих гээд ядаж буй хотын өнгийг гутаана. Бүр цаашлаад сүрэг, сүргээрээ ноцолдон, гудамж талбайгаар сүлжилдэн харайлдах ноход, янз бүрийн үйлдэл гаргахыг хараад багачууд гайхна. За тэгээд хичээлээсээ хоцорч багшдаа загнуулдаг, ахлах анги гэлтгүй хэн нэгнээр харгалзуулж сургуульдаа очдог хүүхдийн тоо ч олширч ээ. Мөн зам дээр, гуу жалганд, гудамжинд машинд дайруулсан ноход олон хоногоор орчин бохирдуулна. Үүнээс нян бактер үүсч, салхи шороотой агаарт дэгдэн элдэв өвчин тараах эх үүсвэр болж таараа. Хажуугаар нь муур, гахай, үхэр мал гээд л төв талбайд ноёлогчдын сүргээс харахад хотын статусыг горилогч хотын жишигт нийцэхгүй л болоод байх шиг. Басхүү байгалийн үзэсгэлэнт газраа түшиглэн аялал жуулчлалаар хөгжихөө ам уралдан ярьдаг удирдлагуудад дуулгахад “монголд аялахаар ирсэн гадаадын жуулчид золбин нохой байнга дагаж явдаг нь аймаар” гэж хэлсэн жишээ олон бий. Энэ бүгдийг эрхэм дарга нар, энэ хотын эзэд болсон, мал, гахай, нохойгоо харгалздаггүй иргэд харж, сонсож л баймаар... 
Улсдаа малаараа тэргүүлдэг аймгийн иргэд мал шигээ өсч байгаа эзэнтэй, эзэнгүй нохойд уруулах, уруулчихаад галзуугийн эсрэг вакцин ч хийлгэж чадахгүй байгаа асуудалд сум, аймаг, холбогдох байгууллагын удирдлагууд анхаарал тавих цаг нэгэнт болжээ. Мөн золбин нохойн нэрэн дор хүзүүвчтэй, эзэнтэй нохойнууд нохдын хүрээг тэлсээр байгааг мэддэг ч мэдээгүй царайлсаар өдий хүрсэн иргэдэд авдаг арга хэмжээ ч алга, үүнийг ч бас бодолцмоор. 
Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр нохой өсөөд эхлэхээр өнөөх Хот тохижилт үйлчилгээний газрынхан ажлаа хийхгүй байна гэх яриа гардаг, тэднийг буруутгадаг. Орон нутгийн хөгжлийн сангаас 2016 онд нохой устгалд зориулж зургаан сая төгрөг төсөвлөгдсөн байна. Үүнээс өвөл 2-р сард гурван саяар нь устгалын ажил хийсэн. Одоо үлдсэн гурван саяар устгал хийх гэж байна. Манай аймагт нохой устгах хүн олддоггүйгээс өнгөрсөн өвөл хотоос анчин ирүүлж устгуулсан. Тэр үед нэг нохойг 8000 төгрөгөөр устгаж байсан бол энэ жил нийслэлийн Засаг даргын захирамжаар 12000 болж өсчээ. Энэ дүнгээр устгуулвал ердөө л 250-хан нохой устгахаар байна. ХТҮГ-ын дарга Л.Чимэдлхам хэлэхдээ “эрэл сураг тавин байж Хөвсгөл аймгийн анчинг ирүүлэхээр боллоо. Тус анчин аймагтаа 4000-аар нохой агнадаг, энд ирвэл 7250 төгрөгөөр устгана гэсэн. Анчны хэлсэн үнээр 400 гаруйхан л нохой устгахаар байгаа юм. Шаварт унасан шарын эзэн хүчтэйн үлгэрээр алба, амин яриагаар анчинг ятган байж 5500 төгрөгөөр устгуулахаар болсон. Гэхдээ ирэхээр нь ярьж тохироод ядаж 5000-р тохирчихвол цөөхөн ч гэсэн нэмээд устгуулчихмаар байна. Анчны ирэх, буцах унааны зардал, байр, хоолны мөнгийг дааж байгаа. Устгалын ажил өнөө маргаашгүй хийгдэнэ” гэсэн юм. 
Сүүлийн үед нохойг буудах биш унтуулах сум, өгөөш хэрэглэн хавх, тороор агнавал зохимжтой гэж үздэг болсон байна. Мөн золбин нохой өсгөхгүйн тулд эм нохойн савыг боох гэх мэт аргыг хэрэглэж буй жишээ ч байна. 
Жилийн жилд л яригдаж, хүн урж, айдас үүсгэж, хотын соёлыг эвддэг эзэнтэй, эзэнгүй нохойн асуудалд шийдвэр гаргагч эрхмүүд анхаарлаа хандуулахгүй бол эрүүл аюулгүй хотын хөгжилд нийцэхгүй цаашлаад хүний эрхийг маш томоор зөрчиж байна.
Х.Цэвэгмэд

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%