2021-07-11
504
Зүүнбүрэнчүүд ээ Элэг нэгт ахан дүүс ээ!
Та бүхэндээ Тулгаp төрийн 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний түүхт 60 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Монголын ард түмний Үндэсний их баяр наадам гэдэг бол Монгол Улс, Монгол үндэстэн, монгол хүний хувьд төрт ёс, тусгаар тогтнол, түүх соёл, эв нэгдэл, мандан бадрахын бэлгэдэл, Монгол үндэстний оюун санааны дархлаа, нүүдэлчин соёл иргэншил, зан заншлын түүхэн уламжлал бөгөөд үеийн үед мөнхлөн тэмдэглэж байх ёстой үнэт зүйл юм.
Гэвч энэ удаа дэлхий нийтэд түгээд байгаа “Ковид-19” цар тахлын хор хохирлыг тооцон манай улсын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөгөө, шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг энх тунх сайн цаг ирэхэд тэмдэглэхээр хойшлуулаад байна.
Энэ шийдвэр нь манай улсад тохиолдож болзошгүй аюулт эрсдэлээс үр хүүхэд, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалсан, аж амьдрал, сэтгэл санааны хувьд нөхөж баршгүй хохирол амсаад байгаа иргэддээ хүн ёсны хувьд ч, ёс суртахууны хувьд ч хүндэтгэлтэй хандсан хүнлэг шийдвэр гэдгийг манай сумын ард иргэд түмэн уужим саруул ухаандаа тунгаан ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна.
Хэдийгээр энэ жил онцгой нөхцөл байдлын улмаас Үндэсний их баяр наадмаа хойшлуулж байгаа боловч хүн болгон зүрх сэтгэлдээ өв соёл, үүх түүхээ эрхэмлэн дээдэлж, үр хүүхдэдээ сурталчлан таниулж, сэтгэл оюундаа хүндэтгэн бодож зөвхөн гэр бүл дотроо ёслон тэмдэглэхийг хүсье.
Айл өрх бүрийн хойморт аз жаргал, инээд баясал цалгиж, хүн бүрийн зүрх сэтгэлд энэрэл нигүүлслийн гэрэл гэгээ мөнхөд бадамлаж байх болтугай.
• Морин дэл дээр ассан монгол хүний хийморь галын дөл шигээ өөдөө байг.